АНУ-ын Ардчилсан намын их хурал дээр Ерөнхийлөгч Барак Обама үг хэлэхдээ 2014 оны эцэс гэхэд америкийн экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 2020 он гэхэд нефтийн цэвэр импортын хэмжээг хоёр дахин бууруулан, ойрын арван жилд төсвийн алдагдлаа 4 тэрбум доллараар багасгах зорилт тавина хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын Улсын төсөв энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэх 2013 оны санхүүгийн жилд 3,8 триллион долларыг бүрдүүлж байгаа бөгөөд нэг триллион долларын алдагдалтай байгаа аж.
“Миний зорьж буй зам бартаа саадгүй хялбархан, хурдан хүрнэ гэсэн худал дүр эсгэхийг би хүсэхгүй байна. Та нарын сонсохыг хүсэж байгаа зүйлийг л ярьж байгаасай гэж намайг сонгоогүй нь лавтай. Намайг чухам үнэнийг л та бүхэнд ярьж байгаасай гэж сонгосон нь мэдээж. Одоогоор хуримтлагдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд цөөн хэдэн жил биш, нилээн урт хугацаа шаардагдах болно” хэмээн өгүүлжээ.
Обамагийн тавьж буй зорилтууд дотор 2016 оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн салбарт олон сая ажлын шинэ байр, ойрын 10 жилийн дотор байгалийн хий олборлох салбарт 600 мянган ажлын байрыг шинээр бий болгон, боловсролын салбарын үнийн өсөлтийг хоёр дахин бууруулж, математик, байгалийн ухааны 100 мянган багшийг шинээр ажилд авна гэжээ.
Түүнээс гадна цэрэг дайны зориулалтаар зарцуулагддаг байсан мөнгөөр эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )