Хятадын Чжецзян их сургуулийн (Zhejiang University) эрдэмтэд оюун санааныхаа хүчээр нисдэг тэрэг жолоодож болох төхөөрөмжийг бүтээсэн байна. Бага оврын дөрвөн моторт нисдэг тэргэнд команд дамжуулахын тулд судлаачид Австралийн Emotiv компанийн электроэнцефалограф EPOC хэмээх компакт төхөөрөмжийг ашиглажээ.
Энэхүү төхөөрөмж нь ердөө 299$ үнэтэй бөгөөд тархинаас өгсөн мэдээллийг компьютерт дамжуулдаг аж. Түүний тусламжтайгаар тоглоом тоглоод зогсохгүй, зурж, бичиж, тэргэнцэр жолоодож ч болох юм байна.
Харамсалтай нь, одоохондоо түүний таньж мэдэрч чадах командын тоо хэмжээ хязгаарлагдмал байгаа бөгөөд “баруун тийш” гэсэн командаар нисдэг тэрэг урагшлан, “зүүн тийш” гэвэл цагийн зүүний дагуу эргэлдэн, “атгах” гэвэл дээшээ хөөрч, доошлуулах тохиолдолд шүдээ чанга зуух хэрэг гарна гэнэ. Нүдээ цавчлахад төхөөрөмжний видеокамер ажиллан, дөрвөн удаа дараалан цавчилбал бичлэг хийж эхэлдэг аж.
Зохион бүтээгчид ойрын хугацаанд төхөөрөмжийн боломжийг нэмэгдүүлэн, илүү ойлгомжтой болгоно гэдэгтээ итгэлтэй байна. Тэдний үзэж буйгаар энэхүү оюун санааны удирдлагат төхөөрөмж нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний хязгаарлагдмал боломжтой хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхөд ихээхэн тус болох юм.
Энэхүү ер бусын төхөөрөмжийг АНУ-ын Питсбург хотноо энэ сард зохиогдох компьютерийн технологийн Ubicomp 2012 эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )