Найз бүсгүйтэйгээ хамт “жирэмсэлжээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Бид саяхныг хүртэл жирэмсэн эрийг зөвхөн Арнольд Шварценеггер, Дэнни де Вито нарын тоглосон киноноос л харж байсан билээ. Гэтэл нэгэн залуу яг л жирэмсэн эмэгтэйтэй тулгардаг асуудлуудыг биеэрээ мэдэрч эхэллээ хэмээн британийн хэвлэлд бичжээ.

Манчестер хотын оршин суугч 25 настай Майк Дауделл өдөр бүр өөрийн найз жирэмсэн бүсгүй Аманда Беннеттийн мэдэрч буй таагүй  мэдрэмжүүдийг яг адил мэдэрдэг болсон аж.

Өглөөгүүр Майкийн дотор муухайран огиулж, хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсэн, байнгын хэвийн бус байдалтай байгаа гэнэ. Эхлээд найз бүсгүй нь түүнийг тоглож алиалж байна хэмээн бодож байсан боловч илт нүүрэн дээр нь зовиурлан шаналж, жин нэмж өөрчлөгдөөд байгаа тул юун инээдтэй манатай юм болжээ.

Майкийн “жирэмслэлт” түүний ажиллаж амьдрахад нь саад болж, тэрээр толгойгоо ч өндийлгөх тэнхээгүй бүтэн өдрөөр орондоо хэвтэх болсон байна. Энэхүү зовлонтой хордлого өгөөд хоёр долоо хоносны дараа тэрээр эмчид ханджээ. Эмч түүнийг анагаахын хэллэгээр Кувадын синдром хэмээн нэрлэгддэг “хуурамч жирэмслэлтийн” хүнд хэлбэрээр өвчилснийг оношилсон аж.

Энэ нь маш ховор тохиолддог өвчин бөгөөд төдийлөн сайн судлагдаж чадаагүй юм байна. Зарим эрдэмтэд түүнийг ирээдүйн эцгийн гормоны өөрчлөлттэй холбоотойгоор үүсдэг хэмээн үздэг аж.

Майкийн хувьд дотор муухайрч бөөлжихөөс илүүтэй хамгийн онцгүй зүйл нь жин нэмж том размерийн хувцас өмсөх шаардлагатай болсон явдал гэжээ.

Тэрээр өмнө нь байнга спортзааланд хичээллэж, өөрийн жавхаалаг бие бялдраар бахархдаг байсан аж. Гэтэл одоо тэдний “хамтын жирэмслэлтийн” 33 дахь долоо хоногтойд бие нь харахад тааламжтай бус байдлаар жин нэмсээр байгаа юм байна. Майкийн энэ тааламжгүй зовлон түүнийг аав болсны дараа арилах аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top