“Дуудлагын бүсгүйн нууц өдрийн тэмдэглэл” хэмээх британийн олон ангит цуврал киног дурдатгалаар нь бүтээсэн янхан бүсгүй саяхан өөрийгөө илчилжээ.
Шинжлэх ухааны доктор, профессор Брук Маньянти “Өдрийн үзэсгэлэнт бүсгүй” (Belle de Jour) гэсэн нууц нэрээр өөрийн дурдатгалаа бичдэг байжээ. Тэрээр докторантурын сургалтын зардлаа олохын тулд дээд зэрэглэлийн янхан болж дуудлагаар үйлчилдэг байсан аж.
Өөрийн үйлчлүүлэгчдийн талаар тэрхүү дурдатгалдаа бичдэг байжээ.
34 настай, их сургуулийн багш тэрээр олон жил жинхэнэ нэрээ нууцлан, хүмүүсийг мэхэлж буй мэт таагүй стрессийг байнга мэдэрдэг байснаас залхан өөрийгөө илчлэхээр шийджээ.
“Өдрийн үзэсгэлэнт бүсгүй” (Belle de Jour) гэсэн нууц нэрний цаана чухам хэн байгаа бол хэмээн дуудлагын бүсгүйн дурдатгалыг уншсан олон нийт маш ихээр сонирхож байсан аж. Ялангуяа уг ном телесериал болон гарснаас хойш хүмүүсийн сонирхол улам нэмэгдсэн байна.
Одоо Бристолийн судалгаа шинжилгээний институтэд хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар ажиллаж буй профессор Маньянти өөрийн сурч боловсрох карьераа үргэлжлүүлэхийн тулд 2003-2004 оныг дуустал янхан байсан хэмээн өгүүлжээ. Тэрээр бүх үнэнээ илчилснээс хойш түүний сэтгэл хамаагүй хөнгөрөн, ойр дотныхноосоо нууцалж байх шаардлагагүй боллоо гэжээ.
“Би бол бүсгүй хүн. Би Лондонд амьдарч байсан. Би дуудлагын бүсгүй байсан. Миний номонд дурдагдсан бүх хүмүүс, орон газар, үйл явдлууд бүгд үнэн гэдгийг би баталгаатай хэлж чадна” хэмээн тэрээр ярьсан байна.
Бристолийн их сургуулийн төлөөлөгч “профессор Маньянтигийн өнгөрсөн амьдрал одоогийн эрхэлж буй ажилд ямар ч холбоо хамаарал байхгүй, түүний хойшдын ажил үйлсэд ч огт хамаагүй” хэмээн мэдэгджээ.
Түүний “Өдрийн үзэсгэлэнт бүсгүй” (Belle de Jour) номыг хэвлэсэн Orion Books хэвлэлийн газар “бид түүний номнуудыг 2005 оноос хойш хэвлэж байгаа бөгөөд цаашид ч хамтын ажиллагаа маань үргэлжилсээр байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
saihan bna