Лиззи Валескиз дунд сургуульд байхдаа YouTube-д тавигдсан 8 минутын бичлэгээрээ “Дэлхийн хамгийн царай муутай бүсгүй”-гээр тодорчээ. Энэ нь маш ховор төрлийн синдром буюу дэлхийн хүмүүсийн зөвхөн хоёрт нь л тохиолдож болох эмгэг бөгөөд Лиззид өөхөн давхарга, булчин гэж байхгүй, биеийн жин нь 25.4 кг. Бичлэгийг нь үзсэн олон хүн аймшигт мангас гэсэн сэтгэгдэл үлдээснээс болоод түүнд амиа хорлох сэдэл хүртэл төрдөг байв.
Гэхдээ тэрээр өөрийгөө егүүтгэхийн оронд өөртөө уран илтгэх, ном хэвлүүлэх, коллеж төгсөх, өөрийн болоод гэр бүлийн карьераа өсгөх гэсэн дөрвөн том зорилго тавьжээ.
Энэ жил 23 настай тэрбээр туршлагатай уран илтгэгч болсон бөгөөд онцгой тэврэлт бэлэглэх, бэрхшээлээс хэрхэн ангижрах зэрэг сэдвээр илтгэлээ тавьдаг. Техасын мэдээлэл харилцааны их сургуулийн төгсөх курсын оюутан Лиззи хамгийн сайн найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг. 2010 онд түүний анхны ном “Үзэсгэлэнт Лиззи”, харин хоёр дахь нь “Хөөрхөн бас өөрийнхөөрөө бай” ном нь энэ сарын эхээр хэвлэгдэн гарчээ.
Энэ долоо хоногт Лизи CNN телевизийн “Headline News” нэвтрүүлэгт оролцохдоо хөтлөгч Дрю Пинскид “Хүмүүс намайг гөлөрсөн харцаар ширтдэгийг би мэдэрдэг. Ингэж хараад байгаа хүмүүст би нэрийн хуудсаа өгөөд “Сайн уу, намайг Лиззи гэдэг. Та гөлрөхөө болиод суралцвал ямар вэ” хэмээн хэлдэг” гэжээ.
Тэрээр Техасын Сан Антониод ердөө л 1.9 кг, 4 нидельтэй дутуу төржээ. Лиззигийн ээж 45-тай Рита “Охиныг минь амьдрана гэдэгт эмч нар эргэлзэж байлаа. Хүүхдийн хувцас дэндүү томдох учраас тоглоомын дэлгүүрээс хүүхэлдэйн хувцас авдаг байв” гэж “Daily Mail”-д өгүүлжээ. Эмч нар Рита, түүний нөхөр Люп нарт охиныг нь хөлд орох, ярих, жирийн хүүхэд шиг бойжих чадваргүйг анхааруулсан байна.
Лиззи өсч бойжсоор дотоод эрхтэн, тархи, яс нь хэвийн боловч бие нь хариугүй туранхай учир 15-20 минут тутамд тэжээллэг зүйл идэх ёстой.
Тэрээр одоо тэрхүү таагүй сэтгэгдлүүдийг унших бүртээ “Энэ чинь зүгээр л үг шүү дээ” хэмээн боддог болсон гэнэ. Эцсийн эцэст тэрээр сэтгэлээр уналгүй өөрийгөө ялан дийлж чаджээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 4 )
Үнэхээр үзэсгэлэнтэй тэвчээртэй мундаг эмэгтэй байна
Мундаг гэгээн бурхан кк эмэгтэй
ямар царай муутай юм бэ хахахахахахахах аха