20 хүн архинд хордон нас баржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Өчигдөр орой Чехийн Пшеров хотод ахин нэг хүн архины хордлогоор нас барснаар ойрын өдрүүдэд тухайн оронд хуурамч архи, ром дарсанд хордон хорвоог орхигсдын тоо 20-д хүрсэн байна. Одоогийн байдлаар 38 хүн ийм шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байгаа ба тэдгээрийн зарим нь сохорсон ажээ.

Амь насанд аюултай архи дарсны төрлийн тархалттай тэмцэх зорилгоор Чехэд хямралын штаб байгуулагдсан байна.

Энэхүү шинэ бүтцийн гол зорилт нь үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, хортой спиртийн төрлийн ундаа зарах явдлыг зогсоохоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүнд хяналт тавих явдал аж.

Цагдаагийнхан архи согтууруулах ундаа зардаг 10 мянга гаруй цэгт шалгалт явуулан, 23 худалдаачныг саатуулсан байна.

Чехэд амралтын өдрүүдээр 30 хувиас дээш хатуулагтай спиртийн төрлийн ундааг худалдаалахыг хориглодог ба чехийн үйлдвэрийн иймэрхүү төрлийн архи дарсыг Польшид зарж борлуулахыг мөн хориглосон ажээ.

Олноороо архинд хордсны гол шалтгаан нь хүний сэтгэцийг хүчтэй хордуулан, сохролт, үхэлд хүргэдэг метилийн спиртийг найрлагад нь их хэмжээгээр нэмсэн байжээ. Иймэрхүү олныг хамарсан хордолт ойрын 30 жил Чехэд гараагүй байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top