Хоёр улсын хооронд маргаантай байсан 5 арлын гурвыг нь япончууд хувийн эзэмшигчээс нь худалдаж авснаас хойш японыг эсэргүүцэх хятадуудын тэмцэл улам хурцдан, БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан японы олон компаниуд өөрсдийн үйлдвэр, дэлгүүрүүдээ хааж эхэллээ.
Хятадууд японы бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар японы тал хэдийгээр тодорхой хэмжээний хохирол амсаж байгаа ч энэхүү эдийн засгийн зөрчлөөс аль нь ч ашиг олохгүй хэмээн урьдчилан анхааруулж байгаа аж.
Японы Canon Inc., Lion Corp, Panasonic Corp. компаниуд өчигдрөөс эхлэн БНХАУ-д үйл ажиллагаагаа зогсоолоо хэмээн зарлажээ. Эдгээр компаниуд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг харгалзан үйлдвэрүүдээ хаасан байна.
Шаньдун мужид Toyota Motor Corp-ын автосалоныг Хятадын эсэргүүцэгчид шатааснаас их хэмжээний хохирол амсчээ. Мөн Nippon Airways Cо-гийн Хятадаас Япон нисэх байсан олон тооны рейс цуцлагдсан байна.
Эсэргүүцэгчдийн халдлагад өртөж байгаагаас шалтгаалан БНХАУ дахь Японы автомашин үйлдвэрлэлтийн борлуулалтын төвүүд хаагджээ. Японы Toyota, Honda-тай хамтардаг хятадын автомашин үйлдвэрлэгч Guangzhou Automobile Group Co-ын хувьцааны ханш 5,1%, Nissan, Honda-тай хамтардаг Dongfeng Motor Group-ынх 4,9%-иар тус тус буурсан байна.
Жагсагчид япончуудын дэлгүүр хоршоог тонож дээрэмдэн, ресторан зоогийн газруудыг сүйтгэн, машин унааг нь эвдэж хэмхэлж байгаа аж.
Эрх баригч Хятадын Коммунист намын зүгээс ч ард олныг гудамжинд уур хилэнгээ илэрхийлэхэд нь хориг саад бараг тавихгүй байгаа ажээ.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж буйгаар 2008 оны хямралаас гүйцэд ангижраагүй, мөн 2011 оны газар хөдлөлтөөс их хохирол амссан Японы хувьд ахин “хүндхэн арван жилийг” туулах хэрэгтэй болох нь гэжээ.
Японы хувьд Хятад улс худалдааны хүчирхэг түнш бөгөөд өнгөрөх онд Японы экспортод Хятадын эзлэх хувь 19,7%, Хятадаас импортолж буй хувь 21,5% байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )