Цагдаа нарын 15 хувийг ажлаас хална

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Мексикийн эрх баригчдын зүгээс аюулгүй байдлыг хангах системд ажиллах боломжгүй нь шалгалтаар тогтоогдсон 65 мянган цагдаагийн албан хаагчдыг ажлаас халах үйл ажиллагааг эхлүүллээ хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Алехандро Пуаре мэдэгдсэн байна.

“Энэ ажиллагаа нь нэг жилээс багагүй хугацааг шаардах ба бүх муж улсын хэмжээнд энэхүү шийдвэрийг биелүүлэх болно” хэмээн Пуаре айлчлалынхаа үеэр Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр өгүүлжээ.

Одоогийн байдлаар нийт 430 мянган цагдаагийн албан хаагчдаас 180 мянга нь шалгалтанд хамрагдаад байгаа ба 115 мянган хүн тэнцэж, 65 мянга буюу нийт шалгуулагчдын 15% нь шалгалтанд бүдэрсэн аж.

Мексикийн цагдаа нарыг олноор нь ажлаас халах болсон гол шалтгаан нь тэд зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдтэй холбоо сүлбээтэй байдгаас болжээ. Ялангуяа цагдаа, гэмт этгээдүүд бие биеэ сайн таньдаг багавтар суурингуудад энэ үзэгдэл элбэг тохиолддог юм байна.

Зарим цагдаа нар гэмт этгээдүүдийн гар хөл болж амьдралаа сүйтгэхээс болгоомжлон өөрсдөө саналаараа ажлаа хүлээлгэн өгч, зарим газар цагдаагүй болоход хүрээд байгаа аж. Үүний хамгийн сүүлийн жишээ нь, өнгөрөх долоодугаар сард Чиуауа мужийн Сан-Франсиско-де-Кончос хотын цагдаагийн ажилтнуудын 90% нь нэг өдөр бүгд халагдах өргөдлөө өгсөн байна. Ажлаасаа яаралтай гарахаар шийдсэн шалтгаан нь сүүлийн үед тухайн хотыг хамраад байсан хүчирхийллийн давалгаа байсан бөгөөд цагдаа нарт шаардлагатай зэвсэг хэрэгсэл, аюулгүй байдлын баталгаа хангалтгүй байдгаас үүдсэн аж. Мөн 2011 оны наймдугаар сард наркомафийн аюулыг зогсоож чадаагүй гэсэн шалтгаанаар цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн ажлаас халагдсны улмаас Чиуауа мужийн Асенсьон хот ганц ч цагдаагүй болж байсан ажээ.

2006 онд Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон албан тушаалаа авсны дараа хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэх анги нэгтгэлүүдийг хил дагуу байрлуулан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тэдний хоорондын тулаанд 47,5 мянган хүн амь үрэгдээд байгаа аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top