Хэт тарган хэрэгтнийг яаж цаазлахаа АНУ мэдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Огайо мужийн холбооны шүүхэд цаазын ялтай нэгэн хоригдол өргөдөл гаргасан байна. Тэрээр үхлийн тариаг хийлгэхэд хэт тарган учраас өршөөл үзүүлэхийг хүссэн аж.

Хоёр центнерээс илүү жинтэй хүнд үхлийн тариа хийхэд маш бэрхшээлтэй байдаг ба асаср их өвдөлтийг мэдрүүлэн, удаан хугацаагаар тамлан зовоодог байна.

Өргөдлийн эзэн Рональд Пост 1983 онд зочид буудлын ажилтныг буудсан хэргээр цаазын ял сонссон ба 30 жилийн дараа буюу 2013 оны нэгдүгээр сарын 16-нд түүний гарын венийн судсанд үхлийн тариаг хийн уг ялын тогтоолыг гүйцэтгэх ажээ.

Пост одоогоор 218 кг жинтэй бөгөөд түүнийг турах хүртэл нь ялын гүйцэтгэлийг хойшлуулж өгөхийг хүссэн байна.

Хэт тарганы улмаас түүнд энгийн судас тариа хийхэд ч бэрхшээлтэй байдаг аж. Тэрээр турахыг хүссэн боловч дасгалын төхөөрөмжүүд түүнийг даалгүй эвдэрсэн байна. 53 настай энэхүү хоригдлыг жингээ хасахад нь түүний өвчтэй нуруу, өвдөг нь саад болоод байгаа аж. Тэр ходоодондоо мэс засал хийлгэхийг хүссэн боловч эрх баригчдын зүгээс зөвшөөрөөгүй юм байна.

Өнгөрөх дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар америкийн шоронгуудад цаазын ялаа хүлээж байгаа 3170 хоригдол байжээ.

1996 онд АНУ-д сүүлчийн удаа хэрэгтнийг дүүжлэн хороосон, 1999 онд ялтныг хорт хийгээр хөнөөдгийг зогсоосон, 2010 оноос хойш хэнийг ч буудаж, мөн цахилгаан сандалд суулгасангүй. Одоо хэрэглэж буй үхлийн тариаг хамгийн энэрэнгүй арга гэж үзэж байна. Хэвийн жинтэй ялтан бол тэсэшгүй бэрх зовиурыг 2-3 минут орчим л мэдэрдэг аж. Энэ төрлийн цаазын ялыг АНУ-ын 33 мужид хэрэглэж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top