АНУ-ын тэргүүн баячуудын шинэ жагсаалт гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Forbes сэтгүүл уламжлал ёсоор жил тутам гаргадаг АНУ-ын хамгийн баян 400 хүний нэрийг нийтэлжээ. Уг жагсаалтыг жил дараалан 19 дэх удаагаа Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс тэргүүллээ. Түүний хөрөнгө 66 тэрбум доллараар үнэлэгдсэн нь өмнөх оноос 7 тэрбум доллараар ахисан байна.

Удаах байранд хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway холдингийн тэргүүн 82 настай Уоррен Баффетт оржээ. Дөрөвдүгээр сард түрүү булчирхайн хорт хавдрын онош тогтоогдсон хөрөнгө оруулагч маань энэ жилийн хугацаанд 7 тэрбумыг олсон ба нийт хөрөнгө нь 46 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Хамгийн баян америкчуудын гуравдугаарт Oracle корпорацийн үндэслэгчдийн нэг, гүйцэтгэх захирал Лоуренс Эллисон орсон байна. Түүний хөрөнгө 41 тэрбум доллар. Дөрөв, тавдугаар байранд эрчим хүчний Koch Industries компанийн хамтран эзэмшигчид ах дүү Чарльз, Дэвид Кох нар хуваан эзэлжээ. Тэдний тус бүрийн хөрөнгө 31 тэрбум доллар.

Өнгөрсөн онтой харьцуулахад эхний “алтан тавын” бүтэц төдийлөн өөрчлөгдсөнгүй. Харин эхний арвын жагсаалтаас тоглоомын магнат Шелдон Аделсон \энэ жил 12-т эрэмблэгдсэн\, алдарт санхүүч Жорж Сорос \15-т\, Google-ийг үндэслэгчдийн нэг Сергей Брин \13-т\ нар ухарсан аж.

Facebook олон нийтийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг компанийн хувьцаагаа хөрөнгийн биржэд амжилтгүй байршуулснаас шалтгаалж хамгийн их санхүүгийн алдагдлыг хүлээгээд байгаа ба жилийн хугацаанд түүний хөрөнгө бараг тал хувь буюу 9,4 тэрбумаар хорогдон, 14-р байрнаас 36 руу шидэгдсэн байна.

Ротшильдийнхэн энэ онд улам баяжин, тэдний үндсэн хөрөнгө 1,7 триллион болсон нь АНУ-ын ДНБ-ний 1\8 хувьтай тэнцэж байна.

Энэ жилийн жагсаалтад 45 эмэгтэй орсон нь өмнөх оноос 3-аар нэмэгдсэн аж.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top