Францын эмч нар гурван удаа мэс засал хийн тархины ховор өвчлөл бүхий оросын 5 настай охин Даша Глазковаг амжилттай эмчилж чаджээ.
Эмч нар “удаашруулсан тэсрэх бөмбөг” хэмээн нэрлэдэг тархины судасны энэхүү ховор өвчтэй хүүхдүүд 15 нас ч хүрч чадалгүй, инсульт өвчнөөр шаналан нас бардаг ажээ.
Эхний хагалгааг ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны зардлаар Францын Centre Hospitalier Universitaire de Bisetre эмнэлэгт гүйцэтгэсэн ба өнгөрөх оны долоодугаар сард РИА Новости агентлагийн ажилтнууд болон бусад буяны үйлстнүүдийн тусламжаар дэлхийн хэмжээнд хандивийн мөнгө цуглуулан тухайн эмнэлэгт хоёр дахь хагалгааг хийлгүүлсэн байна.
Хоёр хагалгааны дараа Францын эмч нар охины өвчлөлтэй тархины судаснуудын 60%-ийг хааж чадсан ба өнгөрөх хоёрдугаар сард гурав дахь хагалгааг амжилттай хийсэн ажээ.
Наймдугаар сард Дашагийн эцэг эх охиныхоо тархины соронзон-резонанс зургийг Францын эмч нарт илгээн саяхан хариуг нь авчээ. Эмч нарын оношилсноор охины тархины ажиллагаа хэвийн байгаа ба үлдсэн хялгасан судсууд нь 2-3 жилийн дараа өөрсдөө хаагдана гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )