Өнөөдөр Санкт-Петербург хотод таван сая дахь оршин суугч мэндэллээ. Красногвардейскийн районы 17-р төрөх газарт мэндэлсэн энэ азтай охин олон хүүхэдтэй гэр бүлээс гаралтай аж. Энэ талаар Санкт-Петербургийн губернатор Георгий Полтавченко сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
Нева мөрний эрэг дээрх том хот хоёр дахь удаагаа таван саяын босгыг давж байгаа аж.
Анхны баярт үйл явдал 1988 онд тохиосон ба азтан Павел Русаков аль хэдийн Петербургийн Их сургуулийг төгсөн, эхнэр авч гэрлэсэн ажээ.
Петербургийн засаг захиргааны зүгээс таван сая дахь иргэн төрсөн баярт үйл явдалд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна: эрдэм шинжилгээний бага хурлууд, хүүхдийн хамгаалал, хүн ам зүй, хотжилттой холбоотой асуудлуудаар дугуй ширээний ярилцлага, “Миний хайртай хүүхдийн эмч” сэдэвт ардын санал асуулгын уралдаан, концертууд, гудамж талбайн баяр ёслолын арга хэмжээнүүд гэх мэт.
Мөн баярын гол эзэн бяцхан охинд зориулсан ёслолын буудлагыг Петропавловскийн цамхагаас хийн, иргэний бүртгэлд бүртгэх ёслолын ажиллагаа болох аж.
Охинд ямар бэлэг өгөх талаар одоохондоо нууц байгаа бөгөөд өнөөдрийн энэ тэмдэглэлт өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )