“Мусульманчууд буруугүй” киноны продюссер баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Исламын ертөнцөд шуугиан тарьсан “Мусульманчууд буруугүй” киноны продюссер Накула Бассели Накула баривчлагджээ. Энэ талаар АНУ-ын Лос-Анжелесийн прокурорын газраас мэдээлсэн байна.

Накула уг киног Сэм Бэсил гэсэн нууц нэрээр Youtube-д байршуулсан аж. Тэрээр гэр бүлийнхний хамт 10 хоногийн өмнө алга болон эрэн сурвалжлагдаж байжээ.

Түүнийг баривчлах болсон шалтгаан нь тэнсэн харгалзах хугацааны нөхцлийг зөрчсөн явдал юм байна. 2010 онд Накула банкны картыг хуурамчаар ашигласан хэмээн буруутгагдан хорих ял, мөн таван жилийн хугацаанд интернет ашиглахгүй байхаар шийтгэгдсэн байжээ.

Өнөөдөр Лос-Анжелесийн Холбооны шүүх продюсерийг батлан даалтаар чөлөөлөх боломжийг авч үзэх юм байна. Хэрэв Накула бичлэгийг байршуулсан нь нотлогдвол шорондоо буцан очих аж.

“Мусульманчууд буруугүй” киног порно киноны чиглэлээр алдаршсан найруулагч Алан Робертс бүтээсэн ба одоогоор түүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.

Хоёр дахь хамтран зохиогч Жозеф Насралла интернетэд тавигдсан 14 минутын тэрхүү ролик жүжигчдийн бүтээсэн киноны утга санаанаас зөрсөн, Накула өөрөө дараа нь монтажласан хэмээн баталж байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top