Өнгөрөх шөнө Иракийн нийслэл Багдадаас 160 км зайд байрладаг Тикрит хотын шоронгийн хоригдлууд бослого үймээн дэгдээн, 200 хоригдол оргосон хэрэг гарлаа хэмээн Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Хоригдлууд харгалзагч нарынхаа зэвсгийг булаан авч, камеруудын хаалгыг нээн, шоронгийн байшинг бүхэлд нь хяналтанд авчээ.
Энэхүү эмх замбараагүй байдлыг зохицуулахаар Багдад, Самарраас цэрэг, цагдаагийн анги нэгтгэлүүд, нисдэг тэргүүд очсон байна. Үймээний үеэр таван харгалзагч амь үрэгдэн, шоронгийн дарга шархадсан аж.
Цагдаагийнхан оргодлуудаас 33-ыг баривчлан шоронд нь буцаажээ.
Иракийн аюулгүйн албаны мэдээллээр, олон улсын террорист “Аль-Каида” байгууллагын олон гишүүд хоригдлууд дунд орон үймээн зохион байгуулсан гэжээ.
Иракийн хурцадмал байдал нь исламын ертөнцөд эртнээс улбаалж ирсэн суннит, шиит гэсэн хоёр том эсрэг тэсрэг урсгалтай холбоотой аж. Иракийн хүн амын 66% нь мусульман-шиитүүд, 34% нь мусульман-суннитууд байдаг юм байна.
Саддам Хусейны үед Иракийн засаг захиргааны бүтцэд суннитууд ноёрхож байжээ.
2003 онд АНУ Иракт зэвсэгт халдлага хийн Саддам Хусейнийг огцруулснаар суннитуудыг шиитүүд шахан гаргаж, ерөнхий сайд тэргүүтэй нөлөө бүхий албан тушаалуудыг эзэлж чадсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )