Fox News телесуваг амиа хорлолтыг шууд үзүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

Америкийн Fox News телесуваг нэгэн этгээдийн амиа хорлож буй үйлдлийг шууд нэвтрүүлгээрээ дамжуулжээ. Энэ нь нэвтрүүлэг хийж байх явцад санамсаргүй гарсан тохиолдол байсан тул телесувгийн зүгээс ийм тааламжгүй зүйл харуулсныхаа төлөө үзэгчдээсээ албан ёсны уучлал гуйсан байна.

Тухайн үед уг телесувгийн сэтгүүлчид агаарт нисдэг тэрэгний бүхээгээс цагдаагийнхан хэрхэн хулгайлагдсан машины араас хөөцөлдөж байгааг шууд нэвтрүүлгээр үзэгчдэдээ дамжуулж байжээ. Энэхүү явдал Аризона мужийн Феникс хотын ойролцоо авто зам дээр болсон аж.

Хэсэг хөөцөлдсний дараа машин хулгайлж зугтаж байсан этгээд гэнэт зогсон машинаасаа гарч, гар буу барин замын хажуугаар гүйж явснаа ойролцоо харагдах бут руу очин, толгойдоо тулгаж буудан ойчсон аж.

Хөөцөлдөөнийг үзэгчидтэй хамт сонирхон харж, дамжуулж  байсан теле хөтлөгч Шепард Смит уг үйлдлийг харангуут сандран шууд “реклам руу үсэрсэн” байна.

“Бид үнэхээр ийм зүйл тохиолдоно гэж төсөөлөөгүй байсан. Болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэхийн ялдамд ахин ийм зүйл давтагдахгүй хэмээн амлаж байна” хэмээн Смит өгүүлсэн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top