АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил төгсгөлийн шатандаа орж байна. Сонгууль болоход яг таван долоо хоногийн хугацаа үлдээд байгаа ба Цагаан ордны тэргүүний албан тушаалд өрсөлдөгчид хараахан шийдвэр гаргаж амжаагүй байгаа сонгогчдыг өөрийн талд татахын тулд боломжтой бүхий л аргыг хэрэглэж байна.
АНУ-ын бүхий л телесуваг, интернет сүлжээгээр одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг, эсвэл түүний өрсөлдөгч Митт Ромниг хурцаар шүүмжилсэн видео бичлэгүүд цацагдаж байна.
Өчигдөр Обамаг дэмжигчдийн зүгээс Калифорни мужийн Ла-Хойя рашаан-амралтын хотод байдаг Ромнигийн эдлэн газарт цэвэрлэгчээр ажилладаг нэгэн эрийг оролцуулсан видео бичлэгийг интернетэд тавьжээ.
“Намайг Ричард Хэйс гэдэг. Би Митт Ромнигийн хогийг цэвэрлэдэг. Бид бол үл үзэгдэгч хүмүүс шиг амьдардаг. Хэрэв бид хогийг нь цэвэрлэдэггүй бол эрүүл ахуй, ариун цэвэрт нь өчнөөн асуудал үүсэхийг Ромни ойлгодоггүй” хэмээн тэрхүү африк гаралтай америк эр камер руу эгц ширтэж байгаад ярьсан байна. Түүний өгүүлснээр,” өдөрт гараар 15-16 тонн хог цэвэрлэнэ гэдэг хүний биед ихээхэн сөргөөр нөлөөлдөг тул би 55-60 нас хүрэх үедээ эрүүл мэндийн хувьд сүйрсэн байх болно. Харин миний энэ байдал Митт Ромнид огтхон ч хамаагүй” гэжээ.
Энэ нь Митт Ромни Флоридад есдүгээр сард өөрийн талын чинээлэг дэмжигчидтэй хаалттай уулзалт хийх үедээ энгийн ард иргэдийн талаар үл ойшоосон хандлага илэрхийлсний хариу хэмээн уг видео бичлэгийн зохиогчид тайлбарлаж байна.
Бүгд найрамдахчуудаас нэр дэвшигч нөхөр бол энгийн ард олны зовлон зүдгүүрийг үл ойлгох, ямар ч зүрх сэтгэлгүй тэрбумтан гэдэгт америкчуудыг итгүүлэхээр ардчилагчдын зүгээс хичээж байна. Хэрэв Ромни ерөнхийлөгч болох юм бол юуны түрүүнд хамгийн баян чинээлэг иргэдэд голлон анхаарна хэмээн тэд үзэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )