Сурагч хүү зууны ховор олдвор илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

Таймырт 11 настай Евгений Салиндер хүү 30 мянган жилийн өмнө үхсэн арслан зааны цогцос олжээ. Хүү энэ талаар эцэг эхдээ мэдэгдэн, тэд цааш нь туйлын ажилтнуудад хэлснээр эрдэмтдийн сонорт хүрч одоо уг газарт үнэт олдворын малтлага явагдаж байна.

Энэхүү олдвор нь зуунд ганц тохиох маш ховор зүйл бөгөөд зөвхөн араг яс бус, арьс, мах, өөхний бүтэц бүхий хэд хэдэн эрхтэнтэй, хагас тонн гаруй жинтэй, арслан зааны цогцос ажээ.

Арслан зааны үлдэгдлийг мөнхийн мөстлөгөөс ухаж гаргахын тулд эрдэмтэд боломжтой бүх хэрэгслүүдийг ашиглаж байна.

Энэхүү цогцос нь эрдэмтдийн зарим эргэлзээтэй таамаглалыг баталж өгчээ. Өмнө нь энэхүү амьтны бөхийг араг ясны онцлог гэж үзэж байсан бол энэ нь тэмээний бөх шиг өөхнөөс бүтсэн зүйл болох нь батлагдсан байна.

“Анх энэ бөхийг эртний зургууд дээр хараад юу юм болоо гэж таамаглацгааж байсан. Хойд туйлын онцлогт зохицуулан маш их нөөц өөхийг хуримтлуулдаг байсан нь одоо тодорхой боллоо. Цогцсыг ажиглахад энэ арслан заан зуны улиралд үхсэн нь тодорхой байна, үс нь сайн ургаж гүйцээгүй, хангалттай хэмжээний өөх тос хуримтлуулсан байна” хэмээн РАН Зоологийн институтийн захирал Алексей Тихонов өгүүлсэн байна.

ИТАР-ТАСС мэдээлснээр, уг олдвор Таймырын орон нутгийн музейн үзмэр болох ба музейн зүгээс түүнийг судлуулахаар Оросын шинжлэх ухааны академид шилжүүлэхийг зөвшөөрчээ.

Энэхүү ховор олдворыг анх илрүүлсэн хүүгийн нэрээр Женя хэмээн нэрлэхээр тогтсон байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top