Африкийн Малави улсын эмэгтэй-Ерөнхийлөгч Жойс Банда өөрийн болон дэд Ерөнхийлөгчийн цалинг 30%-иар бууруулан, өөрийн мэдлийн элит зэрэглэлийн онгоцоо зарахаар шийджээ. Энэхүү африкийн багавтар орны эдийн засгийг чанга дэглэмд шилжүүлэхтэй холбогдон төрийн тэргүүн ийм шийдвэр гаргасан байна.
Жойс Банда Либерийн Эллен Жонсон-Серлифийн дараа гарч буй Африкийн хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч аж. Тэрээр бусад сайд нарыг өөрийнхөө жишгээр байлгахыг шаардахгүй, тэд өөрсдөө шийднэ биз хэмээн өгүүлсэн байна.
Өмнөх төрийн тэргүүний үед худалдаж авсан үнэтэй онгоцоо зарж борлуулан улсын эдийн засагтаа нэмэрлэх ба ахин иймэрхүү өндөр зарлагатай онгоцонд залрахыг огтхон ч хүсэхгүй байна хэмээн мэдэгджээ.
Жич: Бүгд Найрамдах Малави Улс (англ. Republic of Malawi) — дорно өмнө Африкт орших далайд гарцгүй улс. Тус орны газар нутаг хойноос урагш, умраас өмнө зүгт сунан тогтдог. Зүүн болон урд талаараа Мозамбик (хилийн шугамын урт 1569 км), баруун талаараа Замби (837 км), хойд талаараа Танзани (475 км) гэх гурван улстай хиллэдэг. Мозамбик, Танзанитай хиллэх нь Африкийн гуравдугаар том нуур Ньясагаардайрна. Бүхэлдээ 118,000 хавтгай дөрвөлжин километр нутагт 13,900,000 хүн ам оршин амьдардаг. Нийслэл болоод ихийн их хот нь 780 мянган оршин суугчтай Лилонгве.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )