Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар олон нийтийн санал асуулга авахад сөрөг хүчний нэр дэвшигч Энрике Каприлес одоогийн төрийн тэргүүн Уго Чавесаас ялимгүй давуу байдалтай байна хэмээн Колумбын Caracol радиостанцаас мэдээлжээ.
Санал асуулга Сулия, Миранда, Карабобо, Лара, Арагуа, Ансоатеги мужууд болон нийслэл Каракас хотод явагдсан байна.
Венесуэлийн Үндэсний сонгуулийн хорооноос мэдээлснээр, албан ёсны дүн орон нутгийн цагаар Даваа гаригт шилжих шөнө тодрох аж.
Нийт 19 сая орчим сонгогчдод зориулсан 13,6 мянган сонгуулийн хэсгийн хороо ажиллаж байна. Урьдчилсан дүнгээр сонгогчдын 80 орчим хувь санал хураалтад хамрагджээ.
Одоогийн Ерөнхийлөгч, 58 настай Уго Чавес гурав дахь удаагаа дараалан төрийн тэргүүн болох магадлалтай байгаа аж. Тэрээр 1999 оноос хойш Венесуэлийн Ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа билээ. 2009 онд нэг хүн дараалан сонгогдоход баримталж байсан хязгаарлалтыг хүчингүй болгожээ.
Түүний гол өрсөлдөгч нь удахгүй 40 нас хүрэх Энрике Каприлес юм. Тэрээр өмгөөлөгч, эдийн засагчийн мэргэжилтэй. Түүний эцэг нь Кюрасао арлаас гаралтай сефардын еврей үндэстэн бөгөөд ээж нь орос, польшийн гаралтай, дэлхийн хоёрдугаар дайны үед Венесуэлд ирсэн аж. Түүний гэр бүлийнхэн хэвлэл мэдээллийн болон үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхэлдэг юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )