АНУ-ыг пуужингаар сүрдүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Өмнөд Солонгост одоо байгаа 300 км алсын тусгалтай пуужингийн боломжит хамрах хүрээг гурав дахин буюу 800 км болгон нэмэгдүүлэх зөвшөөрлийг АНУ өгсөн байна. Энэхүү тусгалын радиуст БНАСАУ, Хятад, Японы газар нутгийн тодорхой хэсгүүд хамрагдах боломжтой юм.

Хойд Солонгосын эрх баригчдын зүгээс энэхүү гэрээ хэлэлцээрийг тэдний эх орны эсрэг хийж байгаа “ээлжит өдөөн хатгалга” хэмээн нэрлэжээ. БНАСАУ-ын зэвсэгт хүчинд АНУ-ын газар нутагт хүрэх чадвартай пуужингууд байгаа хэмээн Пхеньянд зарласан байна.

Эдгээр пуужингийн тусгалын хамрах хүрээнд зөвхөн Солонгосын хойг дээр байгаа Америкийн цэргийн баазууд төдийгүй, Япон, Номхон далайд Гуамын арал дээр байгаа баазууд, тэр бүү хэл АНУ-ын өөрийн газар нутаг дээр байгаа баазууд ч орох боломжтой.

БНАСАУ-ын цөмийн пуужингуудын гол бааз нь Пхеньянтай ойролцоо Кандонд байрладаг ба хавар гуравдугаар сард шинэ удирдагч Ким Чен Ын очиж, “стратегийн пуужингийн штаб”-тай танилцсан аж.

Хойд Солонгосчууд “Тэпходон-2” хэмээх 6700 км алсын зайн тусгал бүхий пуужинг боловсронгуй болгож байгаа ба энэ нь Аляскийн хэд хэдэн районд хүрэх чадвартай юм.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top