Утга зохиолын салбарын Нобелийн шагналтан өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

Шведийн шинжлэх ухааны академи өнөөдөр утга зохиолын салбарын 2012 оны Нобелийн шагналтны нэрийг тодруулна. Өнгөрөх жил уг шагналыг XX зууны Шведийн алдартай яруу найрагч гэгддэг Томас Транстремер хүртсэн билээ.

Утга зохиолын салбарын Нобелийн хорооны гишүүд нэр дэвшигчдийн талаар хэлэлцэхдээ тухайн зохиолчийн жинхэнэ нэрийг бус утга зохиолын нууц нэрийг нь хэрэглэдэг ажээ. Жишээ нь, Английн жүжгийн зохиолч Харольд Пинтер – “Харри Поттер”, Францын зохиолч Жан-Мари Густав Леклезьо – “Шатобриан” гэх мэт.

ИТАР-ТАСС мэдээлснээр, энэхүү нэр хүндтэй шагналын номинацид нэр дэвшигчдийн нэрсийг Шведийн шинжлэх ухааны академиас гадна утга зохиолын чиглэлийн дэлхийн нэр хүнд бүхий байгууллагууд саналаа тухайн оны нэгдүгээр сарын 31-ний дотор өгөн, Шведийн академи хаврын турш хэлэлцэн, эхлээд 20 шилдэг зохиолчийг сонгон, дараа нь 5 болгож багасгадаг юм байна.

Академийн гишүүд эдгээр таван зохиолчийн уран бүтээлтэй зуны турш танилцан, намар хэлэлцэхэд бэлтгэдэг аж. Ингээд шагнал гардуулахаас нэг цаг хагасын өмнө шалгаруулах зөвлөлийн хуралдаанаар шагналын эзний нэрийг тодруулдаг юм байна.

Энэ оны нэр дэвшигчдийн жагсаалт гэхэд 50 жилийн дараа нууцлалгүй болох ба өөрөөр хэлбэл 2062 онд Шведийн академийн архивт үзэж болно гэсэн үг юм.

Уламжлал ёсоор, шинжээчид шагналын эздийн талаар урьдчилсан таамаг дэвшүүлцгээж байна. Тэдний бодлоор, ойрын хэдэн жил Азиас бараг шалгараагүй тул энэ жил Япон, Хятадын үргэлжилсэн үгийн зохиолчид болох Харуки Мураками, Мо Янь нарыг магадлалтай хэмээн үзэж байна. Мөн иймэрхүү үндэслэлээр Хойд Америкийн эмэгтэйчүүд, жишээ нь, америк зохиолч бүсгүй Джойс Кэрол Оатс эсвэл канад зохиолч эмэгтэй Элис Манро нарын нэр дурдагдаж байна.

Нобелийн шагналын хорооноос шинэ шагналын эзнийг тодруулахдаа түүний алдар нэр, утга зохиолын бус чиглэлээр гаргасан амжилтууд, олон улсын байдлыг огтхон ч харгалзахгүй ба зөвхөн тухайн зохиолчийн уран бүтээлийн давуу тал дээр үндэслэнэ хэмээн мэдэгджээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top