Халз мэтгэлцээний үеэр няцаалт өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

АНУ-ын өнөөгийн дэд Ерөнхийлөгч Жозеф Байден халз мэтгэлцээний үед өрсөлдөгчийн зүгээс ирсэн, Ливи дэх элчин сайдын яамны аюулгүй байдлыг хангах талаар муу анхаарсан хэмээн АНУ-ын засаг захиргааг буруутгасан дайралтыг няцаасан байна.

Бенгази хот дахь АНУ-ын консулын байрыг үл мэдэх этгээдүүд гранатометээр буудсаны улмаас Ливи дэх АНУ-ын элчин сайд, 52 настай Крис Стивенс гурван ажилтны хамт амь үрэгдсэн нь 1979 онд Афганистанд элчин сайд Адольф Дабс хулгайлагдан алагдсанаас хойш гарч буй анхны хэрэг юм.

Эхлээд энэхүү тохиолдлыг АНУ-ын эрх баригчдын зүгээс “Мусульманчууд буруугүй” киноноос үүдсэн эмх замбараагүй явдлаас боллоо хэмээн үзэж байсан боловч АНУ-ын үндэсний тагнуулын газрын мэдээлснээр урьдчилсан зохион байгуулалттай дайралт байсан нь тогтоогджээ.

“Парист байдаг манай элчин сайдыг тэнгисийн явган цэргийн анги нэгтгэл хамгаалдаг. Гэтэл “Аль-Каидын” дээрэмчдийн үүр байдаг Бенгази хотод хамгаалалтын тийм анги нэгтгэл хэрэггүй гэж үү? Энэ явдал үнэхээр санаа зовниулж байна. Тэд (АНУ-ын Засаг захиргаа) эхлээд Youtube-ийн бичлэгт хамаг бурууг тохож байсан, харин одоо Ромни-Райан гэсэн блокийг буруутгахыг хичээж байна” хэмээн Кентукки мужийн Данвилл хотод саяхан болсон халз мэтгэлцээний үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Райан мэдэгджээ.

Түүнийг худал ярьж байна хэмээн өрсөлдөгч нь тэр даруй няцаасан байна.

“Түүний яриад байгаа зүйлсийн нэг нь ч үнэн бодит байдалтай огт нийцэхгүй байна. Конгрессийн гишүүн Райан төлөөлөгчдийн танхимын төсвийн хорооны тэргүүний хувьд элчин сайдын яамдын аюулгүй байдлын талаар бидний зүгээс хүссэн төсвийг 300 сая доллараар танаж хасчихаад одоо болохоор элчингүүдийн аюулгүй байдал муу байна гэж шүүмжлээд байгааг огт ойлгохгүй байна” хэмээн Байден хариулжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top