Удахгүй хоёр дахь халз мэтгэлцээн...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Мягмар гаригийн орой АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ардчилагч Барак Обама, бүгд найрамдахч Митт Ромни нарын хооронд хоёр дахь удаагийн халз мэтгэлцээн зохиогдоно.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход яг гурван долоо хоног үлджээ. Энэхүү ахар хугацаанд нэр дэвшигчид одоо хүртэл шийдвэрээ гаргаж амжаагүй байгаа зарим сонгогчдыг өөртөө татахын тулд боломжит бүх зүйлсийг хийх нь мэдээж.

Аравдугаар сарын 3-нд болсон анхны мэтгэлцээнд ялагдал хүлээсэн Барак Обама энэ удаагийн хоёр дахь халз мэтгэлцээнд санаачлагыг гартаа авна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Түүний штабынхны өгүүлж буйгаар Обама энэ удаад нилээн ширүүн, дайчин үзэлцэх бололтой. Энэхүү мэтгэлцээн түүний өрсөлдөгч Митт Ромнийн хувьд ч багагүй ач холбогдолтой. Тэрээр анхны үгэн тулаанд олж авсан давуу байдлаа хадгалахыг оролдох нь дамжиггүй.

Митт Ромнигийн анхны халз мэтгэлцээнд байгуулсан ялалт нь олон нийтийн санал асуулгаар анх удаа Барак Обамаг гүйцэн, ялимгүй түрүүлэх боломжийг олгосон билээ. Дараа нь 11-ний өдөр зохиогдсон дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн тэнцээгээр өндөрлөн, үүссэн нөхцөл байдлыг төдийлөн их өөрчилж чадаагүй. Гэвч Ромнид урагшаа суга үсрэн Обамаг хаяж түрүүлэх боломж хараахан бүрдэж чадаагүй байгаа нь Даваа гаригт авсан олон нийтийн санал асуулгаар тодорсон байна. Хэрэв яг энэ мөчид сонгууль болбол хэний төлөө санал өгөх вэ гэсэн асуулгад оролцогчдын дүнг нэгтгэхэд хоёуланд нь адил 47% үзүүлэлт гарсан аж.

Халз мэтгэлцээн Мягмар гаригийн орой орон нутгийн цагаар 21:00 цагт буюу манайхаар Лхагва гаригийн өглөө 10 цагт Нью-Йорк мужийн Хэмпстед хотод Хофстр Их Сургууль дээр “хотын цуглаан” хэлбэрээр явагдах юм байна: Нэр дэвшигчдэд асуултуудыг хөтлөгчид-мэргэжилтнүүд бус харин тэдний сонгогчид тавих аж. Нэг цаг хагасын хугацаанд явагдах мэтгэлцээний туршид нийт 11 асуултанд нэр дэвшигчид асуулт тус бүрд хоёр минутын хугацаанд хариулт өгөх юм байна.

Энэ удаагийн үгэн дуэль ерөнхийдөө тус орны дотоод, гадаад улс төрийн бодлогод чиглэгдэнэ.  Уг мэтгэлцээнийг АНУ-ын бүх том телекомпаниуд шууд дамжуулах бөгөөд CNN телесувгийн улс төрийн сурвалжлагч, америкийн нэр хүндтэй телесурвалжлагч Кэнди Кроули хөтөлнө. Тэрээр сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа ийм үүрэг хүлээж байгаа эмэгтэйгээр тодорч байна.

Сонгогчид асуултуудаа эхлээд хөтлөгчид өгөн, Кэнди түүнийг нарийвчлан ангилж ялган, хэнийхийг онцлохоо шийдэх аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үгэн дуэлийн арга хэлбэр, зохион байгуулалтын зарим нэгэн зүйлээс санаа авахад илүүдэхээргүй байж мэдэхээр...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top