АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон арабын орнуудад үүссэн америкийн эсрэг хөдөлгөөнүүд болон Ливид амь үрэгдсэн америкийн элчин сайд, гурван ажилтны төлөө хүлээх хариуцлагыг өөртөө үүрсэн байна.
“2012 оны есдүгээр сарын 11-нд Ливи улсад амь үрэгдсэн америкийн элчин сайд Кристофер Стивенс болон бусад гурван ажилтны төлөө хариуцлагыг би хүлээж байна” хэмээн CNN телесувагт өгсөн ярилцлагадаа тэрээр өгүүлжээ.
Мөн АНУ-ын дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг Цагаан ордон бус, Төрийн департмент хариуцдаг гэдгийг тэмдэглэн, энэ талаар янз бүрийн төөрөлдсөн улс төрийн дүгнэлт хийхгүй байхыг хүссэн байна.
“Би бүх дэлхийгээр тархан ажиллаж буй Төрийн департментын 60 мянган ажилтныг хариуцдаг” хэмээн тэрээр мэдэгджээ.
Мөн “Аль-Каидын” төлөвлөсөн үйлдэл болох нь тогтоогдсон Бенгазийн халдлагыг эхлээд яагаад “Мусульманчууд буруугүй” киноноос үүдсэн хэмээн захиргааны зүгээс үзэж байсан талаар сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна. Төрийн нарийн бичгийн үгээр бол, “иймэрхүү халдлагын дараа ямагт төөрөгдөл үүсдэг” гэжээ.
Улс төр судлаачдын үзэж буйгаар, Хиллари Клинтон одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг “цохилтоос” холдуулан, түүнийг цээжээрээ хамгаалж буй бололтой. Обамагийн гол өрсөлдөгч Митт Ромни мусульманчуудын тэмцлийг идэвхтэй ашиглан, Обамаг гадаад улс төрийн бодлогодоо ноцтой алдаа гаргаж байна хэмээн шүүмжлээд байгаа билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )