Красноярск хотын “Роев ручей” паркад нэг сарын дотор гурван анааш “өнгөрчээ”. Ингээд үхлийн шалтгаан хараахан тодроогүй байхад зоопаркийн захирал ажлаасаа халагдсан байна.
Саяхан Лавр нэрт анаашны үхлийн шалтгааныг эмнэлгийн комисс тогтоожээ. Тэдний үзсэнээр зоопаркийн үзэгчид чипс, давстай самар зэрэг эрүүл бус хүнсээр тэжээснээс элэгний өвчлөлийн явц нь хурдсан үхэлд хүргэсэн аж.
Лаврын “найз бүсгүй” Яра түүнээс долоо хоногийн дараа нас баржээ. Гол шалтгаан нь Лаврын үхэл болон сүргийнхээ бусадтай таарамж муугаас үүдсэн стрессийн хуримтлал болсон аж. Харин Забава хэмээх гурав дахь анаашны үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм байна.
Бас өөр нэгэн хувилбар байгаа нь, видео ажиглалтын камерт бичигдсэнээр Яра “бүсгүйг” нас барахын өмнөхөн өөр нэг эм анааш түүнийг түлхэж унагаасан нь үхлийн шалтгаан болсон байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Болсон үйл явдалд Красноярск хотын Зөвлөлийн депутатууд зоопаркийн удирдлагуудыг буруутгаж байна. Тэдний үгээр бол, сүүлийн өдрүүдэд зоопаркт засварын ажил өрнөснөөс анаашнууд бараг гудамжинд гарсан аж.
Энэ зоопаркийн анаашнуудыг таван жилийн өмнө ӨАБНУ-аас авчирчээ. Тэдний үнэ, замын зардал зэргийг красноярскийн бизнесменүүд гаргасан ба 4 эм, 2 эр анааш худалдаж авахад 13 сая рубль зарцуулсан аж.
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )