Лондоны оршин суугч Анжела Формос хэвлийдээ тээж буй ихрүүд нь нийлмэл гэсэн мэдээ сонсоод шоконд орсон байна.
“Жирэмсний эрт хугацаанд эмч нар үр хөврөлүүд хоорондоо их ойрхон зайтай байна гэхээр нь 16, 20 дахь долоо хоногтойд нь тусгай сканнераар харуулж ихрүүд нийлмэл болохыг мэдсэн. Тэр үед яаж шоконд орсноо одоо үгээр төсөөлж ч чадахгүй байна” хэмээн Анжела Британийн The Sun-д ярилцлага өгөхдөө өгүүлжээ.
Анжела, түүний нөхөр, лондонгийн таксийн жолооч Даниел нар цоо эрүүл 5 настай охинтой бөгөөд сиамын ихрүүд өсгөх болсон мэдээ сонсоод цэлмэг тэнгэрт аянга ниргэх шиг юм болсон аж.
“Тэднийг ертөнцөд мэндлэнгүүт юу хүлээж байгааг бид мэдэхгүй байсан. Охидууд чухам хаагуураа нийлснийг эмч нар бидэнд хэлэхгүй байсан” хэмээн ихрүүдийн эцэг, эх тухайн үеийн аймшгаа дурсаж байна.
Great Ormond Street Hospital хэмээх сиамын ихрүүдийн эмчилгээний төвийн Эдвард Кили, Агостино Пьерро хэмээх эмч нар нялх охидыг салгах мэс засал хийхийг зөвшөөрсөн аж. Гэвч мэргэжилтнүүд тэдний амьдрах боломж тун бага гэдгийг урьдчилан анхааруулсан байна.
Мэс заслын амжилттай явагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдүүдийг төрөх хугацаанаас нь нэг сарын өмнө хорвоод мэндлүүлэхээр эмч нар шийджээ.
Рози, Раби нар ертөнцөд мэндлэнгүүт, тэд өгзөг хэсгээрээ нийлсэн, нэгдмэл нэг шулуун гэдэстэй нь тогтоогдон, яаралтай мэс засалд орохоор болсон байна. Тухайн үед тэднийг аврагдана гэдэгт огт итгэлгүй байцгаасан аж. “Бид мэс заслын үр дүнд маш их сэтгэл хангалуун байна. Хүүхдүүд ирээдүйд хэвийн, баяр баясгалантай амьдрах болно” хэмээн профессор Пьерро өгүүлжээ.
Аврагдсан Рози, Раби нарын аав, ээж маш их аз жаргалтай байгаа ба 12 долоо хоногтой нялхас гэртээ амар тайван нойрсон, өдрөөс өдөрт жин нэмж мариалан, инээж, уйлцгаан хэвийн хүүхдүүдээс ялгагдахгүй сэргэлэн цовоо байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )