Ардчилсан намыг төлөөлж буй Америкийн Ерөнхийлөгч Барак Обама өөрийн өрсөлдөгч, бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнид “ромнезия” хэмээх анагаахын онош тавьсан байна. Тэрээр Виржиния мужийн Жорж Мейсоны нэрэмжит Их сургууль дээр илтгэл тавихдаа энэхүү таатай бус “өвчний” шинж тэмдгийн талаар дурджээ: ой санамж болон хүсэл мөрөөдлөө умартан улс төрийн ашиг хонжооны төлөө үзэл бодлоо дор дор нь хурдан өөрчлөх.
Обамагийн талынхан түүний энэхүү үгсийг инээд, нижигнэсэн алга ташилтаар угтан авсан байна. Тэд Ромниг иймэрхүү орон гаран нөхөр АНУ шиг том орны төрийн тэргүүн болж яг харагдаач гэх маягаар шоолж инээлджээ.
Өнгөрсөн хоёр халз мэтгэлцээний үеэр Ромни өөрийн урьдын консерватив байр суурьтай илт зөрчилдсөн дотоод улс төрийн бодлогын талаар ярьж бүх нийтийн гайхшралыг төрүүлж байсан билээ.
Бүгд найрамдахчуудын хувьд ч зүгээр гараа хумхиж суулгүй, өлгөөд авчих боломж бүрийг ашиглаж байна. Тэд Ливид амь үрэгдсэн АНУ-ын элчин сайд болон гурван ажилтны талаарх хэрэг явдлыг Обамагийн эсрэг сурталчилгаандаа амжилттай ашиглаж байгаа билээ.
Даваа гаригт Обама, Ромни нар нүүр тулан уулзаж, улс орныхоо гадаад улс төрийн бодлогын талаар халз мэтгэлцэх юм. Энэхүү сүүлчийн мэтгэлцээн нь рейтингээрээ бараг ойролцоо яваа хоёр нэр дэвшигчийн хувьд чухал ач холбогдол үзүүлэх нь мэдээж.
Обамагийн хувьд “маргаантай мужууд” гэж нэрлэгддэг хэсэгт тэргүүлж яваа ба тэдний ямар байр суурьтай байхаас арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн санал хураалт ихээхэн хамаарах юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )