Хууль зүйн сайд зөрчлийн улмаас чөлөөлөгдөхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Киодо агентлагийн мэдээлснээр, Японы хууль зүйн сайд Кейсю Танака өөрийнх нь талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан таагүй мэдээллүүдтэй холбогдуулан албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн байна. Түүнийг 30 жилийн өмнө нэгэн якудзагийн хуриманд оролцож байсан, гадаадын иргэнээс авлигал авч байсан гэх зэргээр сөрөг мэдээллүүд түгээд байгаа аж.

Мөн түүний эрүүл мэндийн байдал ийнхүү шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болохоор. Тэрээр өнгөрөгч долоо хоногийн сүүлээр бие нь тавгүйтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Кейсю Танака энэхүү албан тушаалд Японы Ерөнхий сайд Ёсихико Нода засгийн газартаа өөрчлөлт хийх талаар зарлахаас 18 хоногийн өмнө томилогдсон аж.

Энэ сарын эхээр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн нэгэн төлөөлөгчтэй холбогдож байсан талаар шуугиж эхлэхэд тэрээр ор тас няцаасангүй, харин 30 жилийн өмнө нэгэн танилынхаа хүүгийн хуриманд гэрчээр оролцохыг зөвшөөрсөн ба харин сүүлд нь түүнийг якудзатай холбоотой байсныг мэдсэн хэмээн тайлбарлажээ. Тэр цайллаганд нь оролцож мэндчилгээ дэвшүүлсэн ба уг арга хэмжээг гэмт бүлэглэлтэй холбоотойг мэдэнгүүт шууд гарч явсан аж.

Тухайн үед Танака сайд эдгээр сөрөг мэдээллийг үл харгалзан, “би хэзээ ч якудзагийн үйлчилгээг авч, тэдэнд ямар нэгэн дэмжлэг үзүүлж байсангүй” хэмээн онцолж, албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг хүсч байсан билээ.

Гэвч аравдугаар сарын эхээр түүний нэртэй холбоотой бас нэг шинэ дуулиан үүссэн байна. Түүнийг 2006-2009 оны хооронд Йокогама хотын хятад хороолол дахь нэгэн рестораны эзнээс 420 мянган иен буюу 5000 орчим доллар бэлгэнд авсан хэмээх мэдээлэл таржээ.

Сайд энэхүү бэлэглэгчтэй эртний танилууд бөгөөд түүнийг хаанахын харьяалалтай гэдгийг сайн мэддэггүй байсан хэмээн тайлбарлан, бэлгэнд авсан мөнгийг тэр даруй буцааж өгсөн аж.

Японы хуулиар бол, хөрөнгө оруулалт болон хувьцааны талаас илүү нь өөр улсын иргэнд хамаардаг компаниас улс төрчид хэзээ ч мөнгөн урамшуулал, бэлэг маягийн зүйл авч болохгүй гэсэн хатуу чанга заалттай аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top