Хандгай, үнээ хоёрын хачирхалтай “хайр дурлал”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Канадын British Columbia мужид хамгийн том сүүн тэжээлтнүүдийн нэг болох зэрлэг хандгай өөрийн амьдралын “ханиар” фермийн үнээг сонгосон сонин тохиолдол гарчээ. Энэхүү ер бусын “эвэртнүүдийн хайрын” талаар канадын National Post хэвлэлд бичсэн байна.

Үнээний фермийн эзэн Грег Месснер “Хандгай хамгийн анх энд үзэгдсэн жилээ 2-3 хоног фермийн орчноор эргэлдээд буцсан, дараа жил нь ирэхдээ нилээн хэдэн долоо хоног энүүгээр эргэлдэж үнээг ажиглаж байгаад явсан, харин энэ жил ирэхдээ шууд “үйл ажиллагаандаа” орохоор шийдсэн бололтой. Үнээ ч түүнд хариу эелдэгээр хандан, тэдний хоорондын харьцааг харахад өдөрт хэдэн удаа “насанд хүрэгчдийн кино” үзэж буй мэт сэтгэгдэл төрж байсан” хэмээн инээд алдан дурссан байна.

Түүний өгүүлснээр, эрэгчин хандгай орооныхоо үеэр фермд саатаж, 6 фут өндөртэй, 4 фут өргөн, бараг хагас тонн жинтэй биеэрээ нилээн “түрэмгий” үзэж байжээ.

Энэхүү үйлдлийг харсан хөршүүд нь фермийн эзнийг шоолон, удахгүй ер бусын тугал хүлээж авах болох нь дээ гэлцээд байхаар нь Northern British Columbia Их сургуулийн биологичид хандан зөвлөгөө хүссэн байна.

Эрдэмтэн түүнийг хандгайн хромосом үнээнийхээс 8-аар илүү тул эрлийз тугал төрөх боломж огт байхгүй хэмээн тайвшруулсан аж.  

Хоёр өөр төрлийн амьтны энэхүү сонин харьцаа нутгийн оршин суугчдын сонирхлыг ихэд татан, фермийн хажуугийн замаар явж байгаа машинууд хүртэл зогсон харах болсон байна. Тэр ч бүү хэл “жентлмен Хандгайн” гоёмсог эвэрт шунасан анчид хурдан буу агсан ирж фермийн эзнийг сандаргасан аж. Ингээд Месснер хандгайг анчдаас аврахын тулд зэрлэг байгаль, амьтдыг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгчид рүү утасдан, хотоос хорин км зайтай орших ууланд хүргүүлжээ.

“Тэр ирэх жил ахиад л хүрээд ирэх байх” хэмээн “дурлалт” үнээнийх нь эзэн өгүүлсэн байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top