Газар хөдлөлтөөс сэрэмжлүүлээгүй хэмээн 6 жилийн ял оноов

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Италийн Аквила хотын шүүх долоон эрдэмтэн судлаачдад 6 жилийн ял оноосон байна. Тэднийг 2009 оны газар хөдлөлтийн үеэр олон хүн амь үрэгдсэнд буруутгаж байгаа аж.

Тухайн үед шинжээчид найдвартай бус таамаглал дэвшүүлж хүмүүсийг төөрөгдөлд оруулан 300 гаруй хүний амь нас хохироосон хэмээн үзжээ. Энэхүү эрдэмтдийг ялласан үйл ажиллагаа одоогоор Италид хамгийн халуун сэдэв болж байна.

Энэхүү шийдвэрийг Аквилагийн газар хөдлөлтийн хохирогчдын ар гэрийнхэн бүтэн 3,5 жилийн турш хүлээсэн аж.

“Энэ бол үнэний шүүхийн төлөө хийсэн том алхам, түүхэн өдөр боллоо. Чухал мэдээлэл, мэдлэг эзэмшдэг эрдэмтэд одоо эрсдлийг илүүтэй сайн тооцоолж, засаг захиргаатай хамтран ажиллах болно” хэмээн хохирогчдын ар гэрийнхний өмгөөлөгч өгүүлжээ.

Шүүхийн явцад прокурорын зүгээс эрдэмтдэд 4 жилийн ял өгөхийг хүссэн боловч дээр нь бүр 2 жил нэмэгдсэн байна. Түүнээс гадна хохирогчдод бараг хагас сая еврогийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэгдсэн аж. Яллагдагсдын хувьд энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаа юм байна.

“Би өөрийгөө ямар нэгэн муу зүйл хийсэн гэж тооцохгүй байна. Намайг гай гамшгийг яагаад ч холдуулж чадахгүй байсныг бурхан гэрчилнэ” хэмээн Италийн Иргэний хамгаалалтын албаны орлогч дарга асан Бернардо де Бенардинис баталжээ.

2009 оны дөрөвдүгээр сард Аквила хотод 6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, хотын тэн хагас сүйрч, 309 хүн амь үрэгдсэн аж. Хотын сэргээн босголтын ажил өнөөг хүртэл бүрэн дуусаагүй байна.

Эрдэмтдийн энэ шүүх ажиллагаа нийгмийн зүгээс өргөн хүрээний анхаарал татан, олон хүмүүс Италийн Ерөнхийлөгчид нээлттэй ил захидал бичин, шүүхийн мөрдөн байцаалтыг зогсоохыг хүсчээ.

“Бид олон хүчин зүйлийг тооцож үзэх ёстой. Газар хөдлөлтийг судлахад бүхий л амьдралаа зориулсан эрдэмтдэд бүх бурууг чихэж болохгүй. Үнэн хэрэг дээрээ тэрхүү үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад дутуу анхаарсан улс төрч, түшмэдүүд бас хариуцлага хүлээх ёстой” хэмээн Аквила Их сургуулийн профессор Антонио Моретти өгүүлсэн байна.

Д.Мигаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top