Шалган нэвтрүүлэх пост дээр дэлбэрэлт болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Өчигдөр Хойд Осетийн Ингушеттэй хиллэдэг хэсгийн шалган нэвтрүүлэх пост дээр хүчтэй дэлбэрэлт болжээ. Уг дэлбэрэлтийг амиа золиослогч этгээд үйлдсэн байна.

Цагдаагийн ажилтнууд Ингушетээс Хойд Осети рүү нэвтрэхээр ирсэн “ВАЗ-2109” машиныг зогсоон шалгаж байх үед  машин дэлбэрч агаарт шидэгдсэн аж. Дотор нь амиа золиослогч сууж байжээ.

Энэхүү дэлбэрэлтийн уршгаар цагдаагийн бага дэслэгч 26 настай Заур Жибилов амь үрэгдэн, дөрвөн цагдаагийн офицер шархадсан байна.

Террорист этгээдийн хэн болохыг дэлбэрэлтээс тасарч үлдсэн гарынх нь хурууны хээгээр тогтоосон аж. Амиа золиослогч этгээд нь Ингушетийн Экажево суурины оршин суугч, 24 настай Экажев Адам Магомедович болох нь тогтоогджээ. Түүнийг хавар тавдугаар сард сураггүй боллоо хэмээн ар гэрийнхэн нь цагдаад хандаж байсан аж.

Түүнийг ямар зорилгоор, хэний даалгавраар Хойд Осети рүү явж байсныг тодруулахаар мөрдөн шалгаж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top