Сансарт 125 хонохоор мордлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Өчигдөр Олон улсын сансрын станц руу шинэ ээлжийн 33-р экспедицийнхэн аяллаа эхэллээ. Москвагийн цагаар гурван цагийн орчимд Байконур сансрын буудлаас пуужин-тээвэрлэгч “Союз” хөлөг амжилттай хөөрчээ.

Багийн бүрэлдэхүүнд сансрын нисэгч Олег Новицкий,  Евгений Тарелкин, НАСА-гийн одон орон судлаач Кевин Форд нар орж байна. Тэд 125 хоногийг ОУССтанцад өнгөрөөх бөгөөд тойрог замд 52 шинжлэх ухааны туршилт судалгаа явуулан, хэд хэдэн ачааны хөлгийг хүлээн авах аж. Жингүйдлийн нөхцөлд ургамлын шинэ сортуудыг ургуулах талаар туршилт явуулан, Ангараг руу нисэх бэлтгэл ажил дээр голлон анхаарах юм байна.

Нислэгийн өмнөх хэдэн хором. Уламжлал ёсоор “Земляне” хамтлагийн дууны ая эгшиглэн, экипажийнхан зочид буудлаас гаран автобус руу очиж, тэнд үдэлтийн бяцхан арга хэмжээ болов. Евгений Тарелкиныг үдэхээр түүний аав, эхнэр хоёр иржээ. Охид нь хараахан ирж амжаагүй бөгөөд аавдаа бэлэг болгон тоглоомон усны үхэр явуулсныг экипажийнхан тэр дор нь хөлгийн сахиус болгон зүүв.

“Бид тоглоомын дэлгүүрт очиход янз бүрийн олон тоглоом байсан боловч охидууд маань энэхүү бяцхан усны үхрийг сонгож авсан юм. Яагаад усны үхрийг сонгов хэмээн асуухад охид маань бид аавыгаа түүн шиг том биетэй атлаа эелдэг найрсаг байдлаар төсөөлдөг хэмээн хариулсан” гэж бортинженер Евгений Тарелкины эхнэр Алла Тарелкина өгүүлжээ.  

Энэ удаагийн экспедицийн онцлог бол өмнө нь гишүүдийн хэн нь ч “Союз” шиг ийм төхөөрөмжийг жолоодож байгаагүй аж. Олег Новицкий, Евгений Тарелкин нарын хувьд энэ анхны нислэг бөгөөд америк судлаач Кевин Форд 2009 онд Discovery шаттл хөлгөөр дэлхийг тойрч байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top