Барак Обама латин Америкчуудад найдлага тавьж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама төрийн энэхүү өндөр албан тушаалд ахин сонгогдоход хүрвэл үүнд Митт Ромни болон бүгд найрамдах намынхан өөрсдийнхөө эсрэг хандуулсан, хүн амын маш хурдан өсөж буй бүлэг болох латин Америк гаралтай америкчуудын хувь оролцоо ихээхэн нөлөөлөх нь дамжиггүй хэмээн үзэж байна. Энэхүү бодлоо Цагаан ордны эзэн The Des Moines Register сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.

Энэ үед Обама “хэвлэлд зориулж бус” харьцангуй нээлттэй ярилцлага өгч байна хэмээн онцолж дурдсан боловч хожим нь түүний сонгуулийн штаб уг ярилцлагыг түгээн тархаасан нь хүссэн үр дүндээ хүрсэн ажээ.

Энэхүү ярилцлагадаа Обама хэрэв ахин сонгогдсон тохиолдолд ирэх оноос цагаачлалын бодлогодоо шинэчлэл хийнэ гэдгээ итгэл төгс илэрхийлсэн байна. Мэдээж, энэ нь юуны түрүүнд латин Америк сонгогчдод чиглэж буй хэрэг юм. Мөн сонгуулийн дараах эхний 6 сард багтаан улс орны санхүүгийн асуудлаа цэгцлэх болно хэмээн мэдэгджээ.

“Урт удаан хугацааны тогтвортой өсөлтийг хангах сайн үндэс суурийг тавихын тулд ДНБ-д харьцах хомсдлын хэмжээг тогтворжуулж чадна гэж тооцоолж байна” хэмээн өнөөгийн засаг захиргааны тэргүүн өгүүлсэн байна.

Ажиглагчид Обамагийн энэхүү зоримог амлалтуудыг ялимгүй эргэлзээтэй хүлээн авчээ. Учир нь, АНУ-ын Конгрессийн хоёр танхимд тавих ардчилагчдын хяналтын сэргээн босголтын хэтийн төлөвлөгөө тийм ч итгэл үнэмшил төрүүлэхүйц харагдахгүй байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top