Афганы парламент хууль бусаар үйл ажиллагаагаа зогсоожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

120 гаруй депутат, сенаторууд хууль зөрчин ажлаа тасалж, Саудын Арабын Меккад очиж исламын шашны Хаж ёслол үйлдэхээр явсны улмаас Афганы парламент өнгөрөх долоо хоногоос эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Парламентын депутатуудын хамгаалалтын комиссын гишүүн Фархонда Надери “депутатуудын энэхүү үйлдэл үнэхээр тайван бус байдлыг үүсгэж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр Саудын Араб дахь Афганистаны элчин сайд руу холбоо барин тодруулахад 100 гаруй депутат, сенаторууд хувийн визээр зорчсон нь тогтоогдсон байна.

Олонхийн оролцоо тасалдснаас афганы парламентын хоёр танхим хууль хэлэлцэх боломжгүй болон үйл ажиллагаагаа зогсоосон аж. Энэхүү нөхцөл байдал дор хаяж долоо хоног үргэлжилнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Хууль ёсоор бол, афганы парламентын гишүүд зөвхөн зун, өвлийн амралтын үеэр амрах эрхтэй ба бусад үед ажиллаж байх ёстой аж.

Кабулд үлдсэн бусад нөхөд нь тэдгээр дураараа явсан депутатуудад цалин олгохгүй байхыг шаардан, улс орны өмнө хүлээсэн хариуцлагатай ажил үүргээ тасалдуулж байгаад тэднийг буруутгаж байна.

Мөн тэдний олонхи нь Хаж ёсолгоог аль хэдийн үйлдсэн атлаа худлаа далимдуулан аялж зугаалахаар явлаа хэмээн шүүмжилж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top