БНАСАУ-д зэвсэгт хүчний дэд сайдаа цаазалжээ. Түүнийг Ким Чен Ирийг оршуулах үед уй гашуугаа илэрхийлээгүй хэмээн дээд хэмжээний ял оноосон аж. Хойд солонгосын ард түмэн хайрт удирдагчаа нас барсанд харамсан гашуудаж, нус нулимсаа барж байх үед дэд сайд Ким Чхоль хээв нэг “идэж уугаад зогсож байсан” хэмээн буруутгагдсан байна.
Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснээр, Ким Чхолийг “үртэс ч үлдээхгүйн тулд” минометоор буудаж цаазалсан гэжээ.
Сэтгүүлчдийн тэмдэглэж буйгаар, өмнөх удирдагчийн хүү Ким Чен Ун төрийн тэргүүн болсон цагаас хойш ч дээд албан тушаалтнуудыг дарамтлах явдал зогсоогүй аж. Иймэрхүү арга барилаар залуу удирдагч өөрийн дэглэмийг эсэргүүцсэн ажилтнуудыг зайлуулахыг хүсэж байгаа бололтой.
Ким Чен Ун аль хэдийн 31 өндөр албан тушаалтныг халж зайлуулсан ба хэдэн арван офицеруудыг баривчлан цаазалсан аж. Мөн тагнуул хийсэн, улсад хор хохирол учруулсан гэх хэргээр 2011 онд Мэдээллийн сайд асан Ким Ен Сам, Сангийн сайд асан Мун Иль Бон нарыг цаазалсан талаар мэдээлж байжээ.
Хойд Солонгосын армид “цэвэрлэгээ” хийн, ерөнхий штабын тэргүүн болон хилийн цэргийн анги нэгтгэлүүдийн зарим офицерууд Ким Чен Ирийн оршуулгын үеэр архи ууж согтуурсан, сексийн төрлийн зөрчилд орсон гэх зэрэг шалтгаанаар өртсөн байна.
Шинэ удирдагч Ким Чен Ун өөрийн эрх мэдлээ бат атгаж байхын тулд иймэрхүү “цэвэрлэгээгээ” үргэлжлүүлсээр байх болно хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. Тэр хэрээр Хойд Солонгост түүний улс төрийн бодлогод сэтгэл хангалуун бус байдал нэмэгдэн, дэглэмийг нь тогтворгүй болгох магадлалтай хэмээн үзэж байна.
Оршуулгын үеэр зохимжгүй зан төлөв үзүүлсэн гэх шалтгаар өөрийн хүчтэй өрсөлдөгчдөө зайлуулах даалгаврыг Ким Чен Ун өөрөө өгсөн хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )