Хүчирхэг “Франкеншторм” хар шуурга Америк руу ойртож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Атлантикт үүсээд буй хар шуурга ирэх долоо хоногт АНУ-ын Зүүн эрэг болон эх газрын хэсгүүдэд хүрэх 90% магадлалтай байна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Цаг уурчид аравдугаар сарын 31-нд тэмдэглэх Хэллоуний баяртай холбон түүнд “Франкеншторм” хэмээх нэр өгсөн аж.

“Бид шинжээчдийн урьдчилсан таамаглалыг анхааралтай ажиглан, болзошгүй нөхцөл байдалд бэлдэцгээж байна. Хэрэв энэхүү гамшиг үнэхээр тулгарвал бидний тооцоогоор нэг тэрбум гаруй долларын хохирол амсахаар байна” хэмээн АНУ-ын Онцгой байдлын удирдах газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Цахилгаан шугам сүлжээний компаниуд болон нийтийн албад өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллан, амралт чөлөөний асуудал огт байхгүй болсон аж.

“Манай мужид хар шуурга хүрч ирнэ хэмээн бид хэдийгээр итгэлтэй бус байгаа хэдий ч түүнийг угтан авахад бэлэн байх ёстой, ялангуяа төрийн албад” хэмээн Коннектикут мужийн губернатор Дэн Мэллой мэдэгдсэн аж.

“Агаарын масс хойд зүгээс Куба, Ямайкийг сүйтгэсэн “Сэнди” цөлийн шуургатай хүч хавсран ойртож байна. Энэхүү шинэ супер хар салхи нь дорно эрэг дагуу Флорида мужаас Мэн муж хүрэх 90% магадлалтай байна” хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.   Гамшгийн хамгийн хүчтэй цохилт Нью-Йорк муж болон хөрш зэргэлдээ Нью-Жерси мужид тусахаар байна. Түүнээс гадна “Франкеншторм” нутгийн гүн рүү нэвтрэн Виржиния, АНУ-ын нийслэл Вашингтон орших Колумби тойрог, Пенсильвани, Огайо хүрэх магадлалтай байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү мэдээллийг аль эрт хүлээн авсан ба сонгуулийн өмнөх сурталчилгааны маршрутаа өөрчлөхөд хүрээд байгаа аж. Ирэх долоо хоногт хоёр нэр дэвшигч АНУ-ын Зүүн эргийн мужуудаар явж сонгогчидтойгоо уулзах төлөвлөгөөтэй байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top