Хэдийгээр “Сэнди” хар шуурга Нью-Йоркд хүрээгүй байгаа боловч мегаполис хот аль хэдийн бэлтгэл хийгээд эхэлжээ.
НҮБ-ын ерөнхий штаб үйл ажиллагаагаа Мягмар гариг хүртэл зогсоосноо мэдэгдлээ. Төлөвлөгдсөн байсан бүх уулзалт, арга хэмжээнүүд хойшлогдсон байна.
Ийм маягаар НҮБ-ын ажилтнууд болон дипломатууд энэ удаа урт хугацаагаар амарч байгаа аж. Өнгөрөх Баасан гаригт мусульманы Ид аль-Адха \Курбан-байрам\ баяртай холбогдуулан амарцгаажээ.
Даваа гаригт төлөвлөгөө ёсоор эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдлын талаар халз мэтгэлцээнүүд зохиогдож, үүнтэй холбогдуулан ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун илтгэл тавих байсан аж. Мөн олон улсын квиноа \Өмнөд Америкт тариалдаг үр тарианы ургамал\-ын жилийг тохиолдуулан албан ёсны арга хэмжээ зохиогдох байсан ба үүнд оролцохоор Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Нью-Йоркт хүрэлцэн ирсэн байжээ.
Цаг уурчдын мэдээллээр, “Сэнди” хар шуурга Даваа гаригийн өглөө АНУ-ын зүүн эрэгт хүрэх ба гол цохилт нь Нью-Йорк, Нью-Жерси мужуудад чиглэгдэх аж. Хар шуурганы хүч цагт 100 км хүртэл ширүүсч, аадар бороо дагуулах магадлалтай хэмээн үзэж байна.
Нью-Йоркийн нам дор болон эрэг орчим байрладаг Бронкс, Бруклин, Квинс, Манхэттен, Стэйтен-Айленд гэсэн таван районд нүүлгэн шилжүүлэлт зарлагджээ. Ням гаригийн оройноос эхлэн хотын нийтийн тээврийн хэрэгслүүд зогсож байна. Нью-Йоркийн Жон Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудал болон бусад таван буудал үйл ажиллагаагаа зогсоосны улмаас Ням гаригт 700 нислэг хойшлогджээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )