“Сэнди”-гийн аюулаас сэргийлж Нью-Йоркийн хөрөнгийн биржүүд хаагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

АНУ руу ойртож байгаа “Сэнди” хар шуурганаас болж Нью-Йорк хотод сүүлийн 25 жилд анх удаа хөрөнгийн биржүүд хаагдаж байна. Энэхүү хүчтэй байгалийн гамшиг хараахан Америкт хүрээгүй байгаа хэдий ч улс орны амьдралын хэмнэлийг эрс өөрчлөн, америкийн эдийн засагт хүнд гарз хохирол авчирч байна.

Ерөнхийлөгч Барак Обама гол чухал байгууллагуудын хүчийг гамшгийн эсрэг арга хэмжээнд чиглүүлэн удирдан зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байгаа аж. Сонгууль хаяанд тулсан энэ цаг мөчид тэрээр хүчирхэг удирдагч гэдгээ гамшгийн хүнд хэцүү үед ард олондоо батлах боломж олдож байна. Обама арваннэгдүгээр сарын 6-нд болох бүх нийтийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд энэхүү “Сэнди” хар шуурга нөлөөлөхгүй байгаасай хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын Засгийн газар өөрийн ажилтнуудаа эрсдэлд оруулахгүйн тулд Даваа гаригт ажилдаа ирэхгүй байхыг зөвшөөрсөн байна. Харин яамд, аюулгүйн зөвлөл, онцгой байдлын газрууд хэвийн ажиллан, цэрэг, цагдаа, гал команд, эмч нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

“Сэнди” хар шуурга тээврийн хөдөлгөөнд онцгой нөлөөлөн АНУ-ын зүүн-хойд хэсэгт мэдээлэл тасран, 3000 гаруй нислэг, галт тэрэгний хөдөлгөөн хойшлогджээ. Вашингтон, Нью-Йорк хотуудад метро, автобусны үйлчилгээ зогссон байна.

Даваа гаригт сургуулиуд хичээллэхгүй ба НҮБ-ын олон улсын албан тушаалтнууд, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны ажилтнууд ажиллахгүй юм байна.

1985 онд Нью-Йоркийг “Глория” хар шуурга дайрснаас хойш анх удаа хөрөнгийн болон барааны биржүүд ажиллахгүй байхаар шийдвэрлэжээ.

Эрчим хүчний зах зээл дээр анхны өөрчлөлтүүд гарч эхэллээ: Нью-Жерси муж дахь нефть боловсруулах том үйлдвэр ConocoPhillips хаагдснаас бензиний үнэ өсөж эхэлжээ. Мөн тоглоом, цэнгээний бизнес алдагдал хүлээн, Нью-Жерси муж дахь Атлантик-ситид бүх казино хаагдан, бродвейн театрууд ажиллахгүй болж байна.

Удаан хугацааны гэрэл цахилгаан тасарч, үер болох талаар засаг захиргааны зүгээс нуухгүй байгаа аж.

Виржинигээс Массачусетс хүртэлх эрэг дагуу районд нүүлгэн шилжүүлэлт явагдаж байна. Зөвхөн Нью-Йорк хотод гэхэд захирагч Майкл Блүүмбергийн шийдвэрээр 300 мянган хүнийг аюулгүй газар шилжүүлээд байна. Тэдний олонхи нь ойрын өдрүүдийг түр хоргодох байранд өнгөрөөх аж.

“Сэнди” хар шуурга эрэг рүү дөрвөн метрийн давалгааг түрж байгаа ба салхины хүч 160 км радиустай, 120 км\цаг хурдтай байна. Шинжээчид хар шуурганы хамрах хүрээ өргөжин 800 км хүрнэ хэмээн үзэж байгаа бөгөөд хэрэв “Сэнди” Канадын зүгээс ирж буй нам даралтын том хэмжээний агаарын хүйтэн урсгалтай тулгарвал бүр хүч нь ширүүсэж, супер хар салхи болно хэмээн таамаглаж байгаа аж. Түүний хамрах бүсэд Нью-Йорк, Вашингтон, Бостон, Филадельфия, Балтимор гэсэн том хотууд өртөн, Атлантикаас Америкийн агуу нуурууд хүртэл газар нутгийн 50-60 сая хүн орох магадлалтай байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top