“Matrix” домогт киноны найруулагч Лана Вачовски өмнө нь Ларри Вачовски хэмээх нэртэй эрэгтэй байсан ба арав гаруй жил хэвлэл мэдээллийнхнээс зайлсхийж амьдарчээ.
Харин саяхнаас, түүний ахтайгаа хамт найруулсан “Cloud atlas” кино нээлтээ хийхээс өмнө олны урд гарч эхэлсэн байна. Тэрээр саяхан, сексийн цөөнхийн эрхийн төлөө байгууллагын шагнал хүртжээ. Энэ үед талархлын үг хэлэхдээ өөрийн хүйсээ солиулахаас өмнөх болон хойшхи амьдралын талаар чин сэтгэлээсээ ярьсан байна.
1980 онд үүсэн байгуулагдсан Human Rights Campaign (HRC) хэмээх америкийн байгууллага жил бүр уламжлал ёсоор баярын цайллага зохион байгуулдаг ба энэ сарын 20-ны өдөр болсон уг арга хэмжээн дээр найруулагч Лана Вачовскийг HRC Visibility Award шагналаар урамшуулжээ. Энэхүү шагнал нь “сүүдрээс гарах” эр зориг гарган, өөрийн сексийн чиг хандлага, жендерийн талаар илэн далангүй ярьсан, олонд алдартай хүмүүст олгогддог аж.
Шагналаа хүлээж авангаа Лана бүтэн 25 минутын турш зочдод хандан үг хэлжээ. Тэрээр хамгийн сүүлд наймдугаар ангийн сурагч байхдаа л олны өмнө үг хэлж байсан тул ярих үгээ цаасан дээр бичиж бэлдсэн аж.
Лана Вачовски хүйс солиулах мэс заслаа хэдэн жилийн өмнө хийлгэсэн ба харин энэ зун л “Cloud atlas” киноныхоо талаар ярьсан видео бичлэг нь интернетэд тавигдах үед олны өмнө эмэгтэйгээр гарч ирсэн байна.
Ланагийн ярьсан үгс илэн далангүй, уярмаар байсан бөгөөд католик сургуульд жаахан хүүхэд байхад нь нэгэн гэлэнмаа түүнийг хөвгүүдтэй хамт тоглохгүй, охид руу очлоо хэмээн зодож байсныг өгүүлжээ. Мөн өсвөр насны хүү байхдаа амиа хорлохоор шийдэн дөрвөн хуудас гэрээслэл захиа бичиж байснаа ярьжээ: “Би цүнхээ сандал дээр тавин, хажууд нь захидлаа тавьчихаад, ирж буй галт тэргэн доогуур үсэрч орох зорилготой платформ дээр зогсож байлаа. Гэвч би санамсаргүй, 70-аад оны сонин дөрвөлжин раамтай шил зүүсэн, настай эрэгтэй хүнийг олж харлаа. Яг тийм шилийг манай эмээ зүүдэг байсан юм. Тэр хүн надаас нүдээ салгалгүй нэвт ширтэн, бид яг л араатнууд шиг урд урдаасаа харж байлаа. Чухам яагаад тэгснийг би одоо хүртэл сайн ойлгодоггүй юм. Харин тэр хүний ачаар л би өнөөдөр амьд, та нартай хамт байгаа гэдгээ сайн мэдэж байна” гэжээ.
Мөн түүний гэр бүл, ойр дотныхон нь анх түүнийг эмэгтэй болохыг хүсдэг талаар мэдээд бүрэн дүүрэн дэмжсэн тухай тодорхой ярьсан байна. Тэрээр өөрийн эхнэртээ тусгайлан талархал илэрхийлж, “тэр бол намайг байгаа чигээр минь хайрласан цорын ганц хүн” гэж өгүүлжээ.
Лана өөрийн үгсээ ЛГБТ хүмүүст зориулж: “Хэрэв миний туршлага эдгээр хүмүүст бага ч атугай тус болбол миний чин хүсэл биелэх болно” гэжээ. Тэрээр үгээ дуусгаад тайзнаас буусны дараа 10 минутын турш уйллаа хэмээн The Hollywood Reporter сэтгүүлд бичсэн байна.
Дашрамд дурдахад, түүний найруулсан “Cloud atlas” киноны гол дүрд нэрт жүжигчин Том Хэнкс тоглосон билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )