Ойртон ирж буй “Сэнди” хар шуурганы улмаас Даваа гаригийн орой гэхэд найман сая оршин суугчтай мегаполис хот нам гүмд автжээ.
“Хар шуурга цагт 200 км хурдтай хүчтэй салхийг араасаа дагуулан аймшигт торнадо шуургыг үүсгэх магадлалтай” хэмээн онцгой байдлын талаарх засгийн газрын харьяа сайтад мэдэгдсэн байна.
Уламжлалт аймшгийн баярын үдэшлэгүүдээ цуцлан, хот тэр аяараа царцсан мэт болж, одоогийн бодит байдал нь хүмүүсийг аймшгийн хий үзэгдлийн маскаас илүүтэй айлгаж байгаа аж. Арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Нью-Йоркт зохиогдох төлөвлөгөөтэй, олныг хамарсан парад жагсаал болох эсэх нь тодорхойгүй байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээг арванхоёрдугаар сард дэлхий сөнөх талаар майяачуудын зөгнөснийг жүжиглэх маягаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа аж.
Нью-Йорк хотын амьдрал Даваа гаригт бүрэн саажлын маягт оржээ: метро зогсон, автобус явахаа больж, нисэх буудлууд хаагдан, газар доорх гарцууд цоожлогдсон байна. Ихэнх албан газрууд ажиллахгүй байгаа ба эрх баригчдын зүгээс хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.
“Нөхцөл байдал үнэхээр муудаж байна” хэмээн хотын мэр Майкл Блүүмберг нам дор газрын оршин суугчдаа нүүлгэн шилжүүлэлтэд уриалахдаа хэлсэн байна.
Даваа гаригийн орой эль хуль болсон хотын гудамжинд гамшгийн өмнө амжиж худалдаа хийх гэсэн ганц хоёр хүнээс өөр хүнгүй байгаа аж.
“Би хүүхдүүддээ сүү, каша, майонез, жүүс худалдаж авлаа. Гэрт хөргөгчинд мах, тахиа хангалттай байгаа, өөрөөр хэлбэл 1-2 долоо хоногт элбэг хүрэлцэхээр хүнстэй байна. Гэвч маргааш бидэнд юу тохиолдохыг үнэхээр мэдэхгүй байна” хэмээн Манхэттений 110-р гудамжинд оршин суугч иргэн Жон Вашингтон сурвалжлагчид ярьсан байна.
Түүний орсон супермаркетын мах, цэвэр усны тавиурууд хоосорсон байжээ. Хотын ихэнх дэлгүүрүүд хаагдан, ажиллаж байгаа цөөн тооны дэлгүүр маргаашийн хар шуурганаас хамгаалах бэхлэлтээ хийж байгаа аж.
“Хотод цахилгаан тасарна гэж бодохоор үнэхээр бухимдал төрж байна. Гэвч би өөрсдийнхөө төлөө бус, харин зайлшгүй тусламж шаардлагатай, эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн төлөө үнэхээр санаа зовж байна” хэмээн барилгачин эр Вашингтон өгүүлсэн байна.
Хамгийн гүйлгээтэй бараа нь лаа, гар чийдэн байгаа аж. Нэгэн жижиг дэлгүүрийн эзний ярьснаар, тэдний бүтэн сарын худалдааны нөөц лаа, гар чийдэн өчигдөр өглөө тэр дороо дуусчээ.
Хар шуурганы үед хамгийн аюултай бүсэд нам дор хагас подвал маягийн болон 10-аас дээш өндөр давхарт оршин суугчид хамаарч байна. Үерт автахаар доор байрлалд 350 мянга гаруй хүн байгаа ба түүнээс дутахааргүй тооны оршин суугчид 10-аас дээш давхарт амьдарч байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )