30 жилийн өмнө хөөргөсөн хиймэл дагуул сансраас газардана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

1983 онд ЗХУ дэлхийн нөөцийг тандаж ажиглалт хийх зорилготой хөөргөсөн “Космос-1484” хиймэл дагуул арванхоёрдугаар сарын 19-нд буюу эртний майяачуудын зөгнөснөөр "ертөнцийн төгсгөл" болохоос хоёр хоногийн өмнө сансрын агаар мандлын давхаргад орж ирнэ хэмээн АНУ-ын Стратегийн командлалын албанаас мэдээлжээ.

Сансрын төхөөрөмжийн нислэгийн чиглэл, уналтын хугацааны талаар байнга зохицуулалт хийгдэх ба газарт нэг хоногийн өмнө, хойно унаж магадгүй аж.

Хиймэл дагуулын уртын хэмжээ 12 метр, хүндийн жин 2,5 тонн юм байна.

Сансрын аппарат дэлхийн аль цэгт газардах, агаар мандлыг нэвтэрч гарсны дараа аль хэр овор хэмжээтэй байхыг америкийн цэргийнхэн одоохондоо тодорхойлж чадаагүй байна. Хиймэл дагуул агаар мандалд орж ирэн хэдэн хэсэгт хуваагдан задарч шатдаг ба газарт хүрч чадсан жижиг хэсгүүд нь төдийлөн аюултай бус байдаг аж. Харин газардахаас нь хэд хоногийн өмнөөс хаана унахыг нь мэдээлэх юм байна. Эрдэмтдийн таамаглаж буйгаар хүн ам бүхий суурин газар бус далайд унах магадлалтай аж.

Хиймэл дагуулыг 1983 онд Байконурын сансрын буудлаас дэлхийн ашигт малтмалын нөөцийг алсын зайнаас судлах зорилгоор хөөргөсөн аж. Аппаратын хоёр дахь нэр нь “Ресурс-ОЭ” ба туршилтын хиймэл дагуул байсан аж.

2001 онд АНУ-ын Сансрын командлал тойрог замд олон тооны шинэ объектууд бий болсныг тогтоосон ба эдгээр нь олон жилийн өмнө хөөргөсөн уг хиймэл дагуулаас салсан хэсгүүд байжээ. Эдгээр нь овор хэмжээ бага байснаас газар унахдаа аюул тариагүй байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top