Нью-Йоркийн амьдрал сэргэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Хоёр хоног тээврийн хөдөлгөөн саатсны дараа эхний жижүүрийн автобуснууд явж эхэллээ. Хотын эрх баригчид Лхагва гаригт автобусны хөдөлгөөн жигдэрнэ хэмээн амлаж байна.

Нью-Йоркийн метроны хэд хэдэн салаа хонгил нь усанд автсан учраас сэргээх ажиллагаа шаардагдан 4-5 хоногийн дараа зорчигчдоо тээвэрлэж эхлэх бололтой.

“Манай метрополитен системийн 108 жилийн түүхэнд анх удаа ийм хүчтэй гамшиг тохиолдлоо” хэмээн Манхэттен районы ерөнхийлөгч Скотт Стрингер өгүүлжээ.

Квинст 80 амины орон сууц шатсан ба энэ район үерийн голомтод орон, зайлшгүй нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд хамаарч байжээ.

“Энэ бол манай хотод учирсан хамгийн хүчтэй гамшиг. Хэдийгээр муу бүхэн ард хоцорсон ч хотын нөхцөл байдал аюултай хэвээр байна” хэмээн Нью-Йоркийн захирагч Блумберг хэлсэн байна.

Мягмар гаригт дунд болон дээд Манхэттен шуурганы дараах сэргээн босголтоо эхэллээ. Хүмүүс гэрийн гадуурх хогоо цэвэрлэн, хотын үйлчилгээний албаныхан цэцэрлэгт хүрээлэн, замуудыг цэвэрлэж байна. Тус районд хүнсний дэлгүүрүүд болон бусад үйлчилгээний газрууд ажиллаж эхэлжээ.

Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудал Лхагва гаригт нээгдэн хэвийн ажиллагаагаа явуулж эхлэх аж. Мөн Нью-Йоркийн хөрөнгийн бирж ажиллаж эхлэх юм байна.

Хар шуургыг даван гарсан хотын оршин суугчид нурсан эвдэрсэн зүйлсийнхээ хажууд инээмсэглэл гэрэлтүүлэн зогсож байгаа зурагнуудаа олон нийтийн сүлжээгээр түгээж эхэлсэн байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top