Обама “facebook”-ээр ард түмэнтэйгээ ярилцав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама анх удаагаа нийгмийн “Facebook” сүлжээгээр ард түмэнтэйгээ ярилцжээ. Тус улсын эдийн засгийн талаарх сонирхолтой ярилцлагыг Калифорни муж улсад оршдог Пало-Алто компанийн төв байранд зохион байгуулсан байна. Барак Обама АНУ-ыг илүү өрсөлдөх чадвартай болгохын зорилгоор инновацид хөрөнгө оруулах, түүнчлэн санхүүгийн хувьд илүү хариуцлагатай эдийн засгийг бий болгох талаар гаргах амаргүй шийдвэрүүдийн талаар ярьсан байна. Америкчудийн Ерөнхийлөгчтэйгөө ярилцсан ярилцлагыг facebook.com/White House болон Цагаан ордны White House.gov/live цахим хуудсаар шууд дамжуулсан байна. Асуултыг интернетээр тавьж байсан учраас тус улсын иргэн бүр оролцох боломжтой байжээ. Ерөнхийлөгчид тавих асуултыг facebook сүлжээ сонгож байсан бөгөөд орон нутгийн цагаар 13.45 минутанд эхэлсэн уг ярилцлагад тус сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг мөн оролцсон байна. Энэ сарын 4-нд Обама өөрийн албан ёсны интернет хуудас болох www.barackobama.com сайтаар 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхэлсэн тухайгаа зарласан билээ. Facebook сүлжээний төв байранд зочилсон нь Ерөнхийлөгчид нэг талаас илүү идэвхтэй сонгогчидтой шууд ярилцах сайхан боломж олгож байгаа бол нөгөө талаас Америкийн эдийн засгийн цаашдын хөгжилд инноваци маш чухал гэдгийг иргэдэд сануулах чухал ач холбогдолтой юм. Интернетээр харилцах нь АНУ-ын төрийн тэргүүний хувьд шинэ зүйл биш билээ. Тэрбээр өмнө нь Цагаан ордны албан ёсны цахим хуудсаар дамжуулан ярилцлага хийж байжээ.  

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top