УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар ахмадын асрамжийн газартай танилцав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болох З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар өчигдөр Төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг, Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын асрамжийн газар нь 1924 онд Маршил Х.Чойбалсангийн санаачлагаар Улаанбаатар хотод “Махан дов” хэмээх газар анх байгуулагдаж, 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байрлаж байжээ. Харин 1967 оны тавдугаар сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Баянголын ам” хэмээх газар нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарснаар одоогийн буй энэ нутагт суурьшжээ.

Уг асрамжийн газрын барилга 1982 онд ашиглалтанд орсон. Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг энэхүү асрамжийн газарт дунджаар 130-150 хүнийг хүлээн авдаг ч 2010 оныг  хүртэл асаргаа үйлчилгээний талаарх тогтсон стандарт огт байгаагүй ажээ. Одоогийн байдлаар 110 гаруй хүн асруулж байгаа бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож эхэлсэнтэй холбоотойгоор асруулагч нар цөөн байгаа талаар Улсын асрамжийн газрын дарга Д.Цэндсүрэн гишүүдэд мэдээлэл өгч байсан юм.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ "Бид шалгалт хийх гэж зорьсондоо бус танай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, Нийгмийн халамжийн хууль бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэх талаар, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс ямар дэмжлэг, тусламж хэрэгцээтэй байгааг мэдэх зорилготой юм" хэмээгээд Улсын асрамжийн газарт өмнөх парламентын үед үзүүлж байсан дэмжлэг, ажилтнуудын нийгмийн асуудал, мэргэшсэн байдлын талаар асууж тодрууллаа. Улсын асрамжийн газарт 48 ажилтан ажиллаж байгаагаас хоёр нийгмийн ажилтан, найман гэрээт ажилтан, захиргаа аж ахуйн салбарт арав, хүн эмнэлэгт хорь, гал тогоонд долоон хүн ажиллаж байгаа аж. Эмч, сувилагч, асрагч нар нь төрийн үйлчилгээний ажилтан хэдий ч асрамжийн газар нь Эрүүл мэндийн яамандаа бус Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт харьяалагддаг учир бусад эмнэлгийн байгууллагын ажилтнуудын адил нэмэгдэл, урамшуулал авдаггүй нь бас нэгэн бэрхшээл байдаг гэв.

Хуулиндаа асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настан буюу 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авахаар заасан байдаг ч асруулж байгаа иргэдийн 45 орчим хувь нь сэтгэцийн өөрчлөлт, оюуны хомсдолтой хүмүүс байдаг байна. Гурван давхартаа сувилгааны тасагтай, байнгын асаргаа шаарддаг хэвтрийн 22 хүн байдаг. Хамгийн ахмад нь 100 настай, харин 80 насыг зооглох гэж буй Ш.Лхамсүрэн гуай хамгийн удаан буюу 41 дэх жилдээ асруулж байгаа аж. 40-өөс доош насны хорь гаруй хүн байгаа нь хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл ч харж хандах хүнгүйн дээр цаашлаад хүний амь настай холбоотой асуудал учраас авахаас өөр аргагүйд хүрдэг. Нэг үгээр хэлбэл энд “Насанд хүрсэн хүүхдийн цэцэрлэг” ажиллаж байгаа хэмээн тус асрамжийн газрын дарга гишүүнд хариулт өглөө. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн асруулагч нарын эмчилгээ, оношлогоо, эмийн хангамжийн талаарх асуултанд, "Жилд 500 гаруй сая төгрөгийн төсөвтэй. Хоол хүнсэнд 100 сая, хувцас хунарт 16 сая, эм тарианд 5 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Жилд хоёр удаа эмч нар ирж үзлэг хийдэг" хэмээгээд ойр зуурын эмчилгээ шинжилгээг сумын төвийн эмнэлэгтээ хийлгэдэг. Гэвч цаг үеэ дагаад хавдартай, 3-4 төрлийн суурь өвчтэй хүмүүс ихээр ирэх болж, хотод очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхэд дамжлага, очер дараалал ихтэй байдаг нь ихээхэн чиргэдэл үүсгэдэг. Наад зах нь эхний өдөр шинжилгээгээ өгөөд, дараагийн өдөр нь хариугаа авдаг. Хотод таних ах дүү, хамаатан садан байхгүй энэ хүмүүс хаана хонох вэ, тэр бүр буудалд хонуулах төсөв мөнгө байхгүй, авч явсан ажилтнууд нь дагуулаад л ах дүүгийнхээрээ хонуулдаг. Тиймээс энэ талаар төр засгаас арга хэмжээ авч өгөөч хэмээн хүсэж байсан юм.

Өмнө нь асруулагч ахмадуудын тэтгэврийн 30 хувийг өөрсдөд нь олгож, үлдсэн 70 хувийг орон нутгийн төсөвт оруулдаг байсныг зогсоож, 70 хувийг ахмадуудад, 30 хувийг асрамжийн газрын төсөвт суулгадаг болжээ. Гэхдээ уг 30 хувийг тухай ахмадын нэр дээр байршуулж, шаардлагатай үед зарцуулж байхаар дотоод журмандаа өөрчлөлт оруулсан байна.

Мөн байнгын хорооны гишүүд асруулагч нартай уулзалт хийсэн. Гэр орон нь болсон асрамжийн газартаа сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй, ахмад настангаар нь ангилсан төрөлжсөн асрамжийн газар байгуулж өгөхийг эрхэм гишүүдээс хүсч байлаа. Хаягдал материалаар гар урлалын бүтээл урлаж, долоон хүний бүрэлдэхүүнтэй асруулагч нарын зөвлөл ажиллахын зэрэгцээ Болжмор, Мазаалай зэрэг зургаан бүлэгт хуваагдан нийгмийн ажилд идэвхтэй оролцдог. Өглөө бүрийг мэдээллийн цагаар эхэлж, бүлгийн дарга, ширээний дарга, давхрын дарга, гэрэл хариуцсан дарга гэх мэтээр нэгнээ томилж, урамшуулж, дэгтэй, зохион байгуулалттай ажиллаж, амьдардаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top