Сүүлийн өдрүүлэд Ливийн 10 мянга орчим иргэн улс орноо орхин Тунист дүрвэн очсон тухай НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрын төлөөлөгч Андрей Махечича мэдээлсэн байна. Европын комиссын төлөөлөгч дөрөвдүгээр сахрын 8-нд мэдэгдэл хийхдээ, сүүлийн долоо хоногт Ливийн 430 мянган иргэн эх нутгаа орхилоо гэж байсан. Тэгвэл зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын 6000 орчим иргэн хил давж, Тунисын Дехибат хотод очсон тухай тэрбээр энэ удаа мэдээлжээ. Хүмүүнлэгийн байгууллагын мэдээлснээр бол, сүүлийн өдрүүдэд зэвсэгт мөргөлдөөнөөс зугтан Ливиэс олон хүн гарч байгаа учир энэ тоо бодит байдал дээр бүр ч олон байж болзошгүй юм. Үүний сацуу НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр Ливид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эхний замыг нээсэн байна. Ливи-Тунисын хилийг 240 тонн дээд гурил, 9 тонн тусгай өндөр илчлэгтэй жигнэмэг ачсан эхний цуваа аль хэдийн давжээ. Тэрчлэн Ливийн мөргөлдөөнийг зохицуулах арга замыг хэлэлцэх олон улсын бага хурал тавдугаар сарын 2-нд Ромд болох ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Ливид тус улсыг 40 гаруй жил удирдсан Муамар Каддафиг огцрохыг шаардсан, олныг хамарсан жагсаал эхэлсэн билээ. Энэ нь сүүлдээ Засгийн газрын хүчин болон босогчид хоорондын зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан юм. Олон улсын байгууллагууд олон мянган хүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэнийг Ливи йн эрх баригчид няцаасан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гуравдугаар сарын 17-нд тогтоол гаргаснаар Хойд Африкийн энэ улсын дотоод хэрэгт гадаадын цэргийнхэн хөндлөнгөөс оролцох боломжийг нээсэн юм. Байлдааны ажиллагаа АНУ-ын удирдлаган дор гуравдугаар сарын 19-нд эхэлж, гуравдугаар сарын 31-нд НАТО-гийн удирдлагад шилжсэн билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )