Хэдхэн өдрийн дараа болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялахад нөлөөлөхүйц нэгэн үнэтэй саналыг тэрээр авчээ. Түүний ачаар өөр хэдэн зуун мянган саналыг ч олж авах боломжтой аж.
Энэ бол Нью-Йорк хотын нам бус захирагч Майкл Блумберг өнөөгийн Цагаан ордны тэргүүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн явдал юм. Түүний энэхүү шийдвэрт саяхан АНУ-ын зүүн эргийг дайраад өнгөрсөн “Сэнди” хар шуурга нөлөөлсөн бололтой. Тэрээр сүүлийн хэдэн өдөрт болсон үйл явдлаас харахад Барак Обама “Сэнди” хар шуургыг үүсгэгч гол хүчин зүйл болоод байгаа цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудалд анхаарал тавихад бэлэн байгаагаа илэрхийлж чадлаа хэмээн мэдэгдсэн байна.
70 настай тэрбумтан Блумбергийн энэхүү мэдэгдэл гайхалтай зүйл болсон аж. Тэрээр өмнө нь Обама, Ромни хоёуланд нь шүүмжлэлтэй хандан, аль нь ч тус орны өмнө тулгараад буй асуудлуудыг нааштайгаар шийдэж чадахгүй хэмээн үзэж байжээ.
Мөн түүний энэхүү шийдвэрт одоогийн Ерөнхийлөгчийн үр хөндөлтийн талаар болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж буй бодлого нөлөөлсөн хэмээн мэдэгджээ. Энэхүү хоёр зөрчилтэй асуудалд либерал Блумберг онцгой ач холбогдол өгдөг ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )