Сүүлийн үеийн хэд хэдэн социологийн судалгааны дүн мэдээгээр ардчилагч Барак Обама “гол зангилаа мужуудад” бүгд найрамдахч Митт Ромнигоос саналаар илүү яваа аж.
Арваннэгдүгээр сарын 6-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн үр дүн Колорадо, Флорида, Айова, Мичиган, Невада, Нью-Хемпшир, Огайо, Виржини гэсэн “хэлбэлзэлтэй” найман мужийн сонгогчдын саналаас ихээхэн хамаарна хэмээн шинжээчид үзэж байна. Эдгээр бүс нутгийн сонгогчид хэнийх нь ч төлөө саналаа өгч болзошгүй ба эндээс олонхийн санал авсан тэр нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгч болох өндөр магадлалтай юм.
“Хэд хэдэн санал асуулгын дүн Обамаг эдгээр мужуудад Ромнигоос ялимгүй илүү байгааг харуулж байна” хэмээн USA Today сонин мэдээлсэн бол Reuters ба Ipsos-ын явуулсан санал асуулгаар Колорадо мужид Митт Ромни давуу байдалтай, Огайо мужид нэр дэвшигчид эн тэнцүү байна хэмээн мэдээлжээ.
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ерөнхийлөгч болохын тулд эдгээр мужуудад зонхилох олны санал авах шаардлагатай ба ялангуяа Огайо мужид зайлшгүй ялах шаардлагатай, учир нь энэ мужийн ялалтгүйгээр нэг ч бүгд найрамдахч ерөнхийлөгч болж байсан түүхгүй юм байна.
Ингээд зарим байгууллагаас зохион байгуулсан сүүлийн үеийн санал асуулгаар эдгээр мужуудад хоёр нэр дэвшигч ямар рейтингтэй байгааг сонирхуулья.
Колорадо: Ромни — 47%, Обама — 46% (Reuters/Ipsos),
Колорадо: Обама — 50%, Ромни — 46% (Public Policy Polling),
Флорида: Обама — 48%, Ромни — 46% (Reuters/Ipsos),
Айова: Обама — 49%, Ромни — 45% (Gravis),
Мичиган: Обама 52%, Ромни — 47% (Rasmussen),
Невада: Обама — 50%, Ромни — 44% (Mellman),
Нью-Хемпшир: Обама — 50%, Ромни 44% (New England College),
Огайо: Обама — 49%, Ромни — 49% (Rasmussen),
Огайо: Обама — 47%, Ромни — 45% (Reuters/Ipsos),
Виржини: Обама — 49%, Ромни — 44% (Reuters/Ipsos)
Дашрамд дурдахад, одоогийн байдлаар 34 мужийн 25 сая хүн урьдчилсан хэлбэрээр саналаа өгөөд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )