Монгол Улс, олон намын тогтолцооны уламжлал, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлсэн нийгмийн хөгжлийн тухайд бага туршлагатай. Гагцхүү сүүлийн 20 жилд улс төрийн нам, намаар дамжсан ардчиллыг бэхжүүлэх үйл явц тасралтгүй явагдаж байна гэж улс төр судлаачид хэлдэг. Тэр ч утгаараа энэхүү үйл явц бэрхшээл, асуудал, хүлээлтийг дагуулдаг. Тухайлбал, эдгээр хүлээлтийн нэг нь намуудын төлөвшил. Олон улсын судалгааны Фрийдом Хаус байгууллага, Монголын ардчиллын төлөв байдлыг төлөвшсөн гэж үзсэн ч нийгмийн харилцааны гүнд ардчиллын үнэт зүйлс бүрэн төлөвшиж шингэж чадаагүй гэж үзсэн байх жишээний.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй хамтран "Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн эхэнд улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од Улс төрийн санхүүжилт ба намын хөгжлийн чиг хандлага", Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн зөвлөх Биярта Тора "Улс төрийн сангийн олон улсын туршлага", тус хүрээлэнгийн Улс төрийн нам ба парламентын асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга Сайм Ван Дер Стаак "Улс төрийн намын санхүүжилтийн үндсэн хэсгүүд", УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Улс төрийн сангийн санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжит хувилбар" гэсэн илтгэл тус тус тавьж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа "Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулсан. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол авлигаас ангид төр, авлигаас ангид төрийн байгууллага, авлигаас ангид хууль хяналтын байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэх явдал. Энэ хүрээнд авч үзвэл улс төрийн намын шинэчлэл ч өөрөө хариуцлагатай төрийн эх сурвалж болдог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй улс төрийн намын шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсны үндсэн дээр тус хүрээлэнгийн зөвлөх Биярта Тора манай үндэсний зөвлөхүүдтэй уулзан ярилцаж, улс төрийн нам, улс төрийн санхүүжилтийн үйл ажиллагааны талаар зөвлөмж боловсруулсан юм. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газар Улс төрийн нам болон улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан.
Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хуулийн төслийг эхний хувилбараар ажлын хэсэг бэлтгээд байна. Өнөөдөр бидэнд улс төрийн намын эрх зүйн орчинг иж бүрнээр өөрчилж шинэчлэх хэрэгцээ тулгамдсан зорилт болоод байна. Тиймээс энэ хэлэлцүүлэг бол намуудын, тэр дундаа парламентад суудалтай улс төрийн намуудын дунд улс төрийн шинэчлэлийн зарчмын гол гол асуудлаар зөвшилцөл, цаашлаад иргэний нийгмийн байгууллага, судлаачид, сонгогчдын хүрээнд ойлголцлыг бий болгох үйл ажиллагааны эхлэл юм" гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Илтгэгчид улс төрийн нам, түүний санхүүжилтийн тухай одоогийн ойлголт, өөрчлөх хувилбар бөгөөд олон улсын туршлагын талаар ярилцсан.
Ингэхдээ нам, түүний үйл ажиллагааг шинээр ойлгомжтойгоор тодорхойлох, намын шинэчлэлийг хийж, төрөөс санхүүжүүлэх, сан байгуулж түүгээрээ дамжуулан иргэд, сонгогчдод улс төрийн боловсрол олгох, улстөрчдийг бэлтгэх, намуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Монголд сангийн дундын хувилбар буюу нам бүр өөрийн сан, бас нийт намд үйлчлэх сан байгуулах нь зохимжтой гэж байв. Оролцогч намуудын төлөөлөл, судлаачид бас өөр өөрийн саналыг хэллээ. Тэд "Намын санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ эхлээд намын тухай хуулиа тодорхой болго. Дараа нь санхүүжилтийг шийдсэн нь дээр. Гадаадын туршлагыг хуулбарлан сан байгуулах нь зохимжгүй. Санхүүжилт, үйл ажиллагааны талаар тайлагнах, аудит хийлгэх асуудал манайд их дутагдаж байна. Сан байгуулах нь намуудыг төлөвшүүлэх, улс төрийн үйл ажиллагаагаа парламентад суудалтай нь ч, суудалгүй нь ч тэгш явуулахад нийцэж байна. Ийм хэлэлцүүлгийг олон удаа хийж байж эдгээр асуудлыг нухацтай шийдэх хэрэгтэй. Сан ажиллуулдаг гадны туршлагыг сайн судалж, өөрийн хөрсөнд тохирсон хувилбарыг сонгуультай байна" гэхчлэн олон янзын санал гаргаж байсан юм. Эцэст нь дэлхийн хэмжээнд үнэлэгддэг улс төрийн санхүүжилтийн загвар орнуудын туршлагаас сонирхуулъя.
Дашрамд сонирхуулахад ХБНГУ-ын хувьд 1985 оноос улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлж эхэлжээ. Холбооны Үндсэн хуулийн шүүх нь намуудад төрөөс олгож байгаа санхүүжилт болон хувиараа хандивлагчдын татварын хөнгөлөлтийг хуулийн хүрээнд тогтоож өгдөг аж. Түүнчлэн улс төрийн намд өгч байгаа хандивын асуудлаар маргаан гарч байсан удаа цөөнгүй бөгөөд татварын хөнгөлөлтийн асуудал нь дундаж орлоготой хандивлагчдын асуудал биш.
Ихэнх тохиолдолд улс төрийн намуудыг санхүүгийн хувьд дэмжээд эргээд ашигтай байдал олж авах гэсэн арга болох нь нотлогджээ.
Ер нь бол 1954-1957 оны үед байсан хувь хүний орлогын тав хүртэлх, аж ахуйн нэгжийн нийт орлогын 0,002 хувь хүртэлх хэмжээний хандивыг татвараас чөлөөлөх явдлыг намууд санхүүгийн бэрхшээлээс гарахын тулд өөрсдөө шаардаж байсан аж. Гэвч 1958 онд Үндсэн хуулийн шүүх, өндөр орлоготой орлогын албан татвар төлөгчийг хандив өгснийхөө төлөө татвараас чөлөөлөгдөх явдлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн юм. Татварын хөнгөлөлтийн энэхүү маргаантайгаар холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн төрөөс улс төрийн намуудад санхүүжилт өгөхөөс гадна Германы намын санхүүжилтийн үлдсэн 60 хувийг намын гишүүдийн татвар, дэмжигчид болон намын гишүүдийн бага хэмжээний хандивуудаас бүрдүүлдэг.
Япон бол Ази дахь тогтвортой ардчиллын анхдагч. Тус улсын парламент 1891 онд байгуулагдсан бөгөөд улс төрийн намууд нь үүнээс ч өмнө байгуулагдсан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы улс төрд Америкийн нөлөө хүчтэй болсноор улс төрийн системийг ардчилах, олон намын системийг төлөвшүүлэх зэрэгт ахиц гарч 1946 оны анхны улс төрийн сонгуульд 260 гаруй нам, улс төрийн холбоодоос хүмүүсээр дэвшсэн гэсэн тоо баримт байдаг. Улс төрийн өрсөлдөөн ихсэх тусам улс төр мөнгөний харилцааг нарийн зохицуулах шаардлага тулгардаг жишгээр Японы улс төрийн амьдрал ч зохицуулалт шаардах болжээ. Хуулийн зохицуулалтын үр дүнд улс төрийн санхүүжилт, орлогын тайлан, мэдүүлгийг нийтэд мэдээлж байхаар болсон нь олон нийт намын санхүүжилтийн талаар мэдээлэлтэй болох гарцыг нээсэн аж. 1953 онд гэхэд Либериал болон ардчилсан намууд орлогын тайлангаа нийтэд мэдээлж байсан бол Японы Коммунист нам 20 удаа орлогын мэдүүлгээ олон нийтэд ил болгож байжээ. Сонирхуулахад, Либериал болон Ардчилсан намууд нэгдэн Либериал ардчилсан нам болсноосоо хойш буюу 1955-1993 он хүртэл Япон Улсын засгийн эрхийг тасралтгүй 38 жил барьсан байдаг.
Түүнчлэн 2000 оны тайлан мэдээгээр тус намын жилийн орлого 40 миллиард иен буюу 371 сая ам.долларт хүрч байжээ. Японд хувь хүнээс улстөрчдөд шууд хандив өгдөг уламжлал байгаагүй. Одоо ч хуулиар хориотой. Гагцхүү нам, улс төрийн холбоодоор дамжуулж хандив өргөдөг бөгөөд хувийн пүүс корпорациуд намын санхүүжилтийг босгоход зориулсан төрөл бүрийн тасалбарыг худалдан авах замаар намуудын санхүүжилтийг босгодог юм байна. Өөр нэг санхүүжилтийн хэлбэр нь дээр дурдсанчлан улстөрчид өөрсдийн дэмжигчдээс дэмжигчдийн холбоогоор дамжуулж, хандив авах, мөнгө босгох ажлыг зохион байгуулдаг. Хэдийгээр улстөрчийг дэмжих холбоогоор дамжин хийгддэг ч хуулиар зохицуулахад түвэгтэй асуудлуудыг үүсгэсээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл энэ төрлийн санхүүжилт нь улстөрчид авлигад өртөх гол нөхцөл болдог хэвээр л байгаа юм. АНУ-ын тухайд Ерөнхийлөгч Конгрессийн хосолсон төрийн тогтолцоо нь парламентын болон нам төвтэй улс төрийн бодлого явуулдаг Канад болон баруун Европын орнуудаас огт өөр санхүүжилтийн загварыг бий болгожээ. АНУ-д улс төрийн намуудыг төрөөс шууд болон шууд бус хэлбэрээр санхүүжүүлдэггүй бөгөөд зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хэрвээ сонгуулийн кампанит ажлын үед зарцуулах мөнгөний дээд хэмжээг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгөнөөс гурван ам.долларыг тусгай санд төвлөрүүлэн олгодог байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд зарцуулах мөнгөний дээд хэмжээг амьжиргааны өртгийн өсөлтийг тооцож өөр өөрөөр тогтоодог ба 2008 оны сонгуулийн зарцуулалтын хязгаарыг 80 сая ам.доллараар тогтоож байжээ. Түүнчлэн АНУ-д мөнгө ихэнх тохиолдолд шууд нэр дэвшигчид болон түүний хувийн кампанит ажлыг зохион байгуулж буй байгууллага руу очдог. Мөн тус улсад сонгууль, кампанит ажил, санхүүжилтийн асуудлыг Холбооны сонгуулийн хороо хариуцан ажилладаг ба тус хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилж, сенат баталдаг аж. Гишүүнчлэлийн тухайд хоёр нам тус бүрийг төлөөлсөн зургаан гишүүнтэй. Харин бүрэн эрхийнх нь хугацаа зургаан жил бөгөөд дахин сонгодоггүй. Мөн уг хороо нь захиргааны болон хууль сахиулах үүргийг зэрэг гүйцэтгэдгээрээ онцлог ч гэж болно.
Улс төрийн намыг хэрхэн санхүүжүүлдэг асуудлыг Өмнөд Солонгосын жишээн дээр харахад ихэд сонирхолтой дүр зураг харагддаг. Солонгос нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы колоничлолоос чөлөөлөгдсөнийхөө дараа цэргийн удирдлага бүхий авторитар дэглэмд шилжсэн билээ.Гэвч 1987онд ардчилалд шилжсэнийхээ дараахнаас ардчиллыг бэхжүүлэхэд нааштай ахиц дэвшил гарах болсон юм. Өмнөд Солонгосыг Зүүн Азийн бусад гол ардчилагчид болон Япон, Тайваньтай харьцуулахад ардчиллын байж болмоор хандлагыг нөхцөлдүүлж буй ижил загварыг илэрхийлэх гурван хүчин зүйл байдаг гэж үздэг.
Эхнийх нь, Тайвань бол Солонгосын хойгийн нэгэн адил 20 дугаар зууны эхний хагаст Японы колоничлолд байсан. Тэр ч утгаараа 1996 он хүртэл Японы парламентын хэрэглэж байсан сонгуулийн системийг авч хэрэглэсэн хэрэг. Мөн эдгээр гурван оронд нийтлэг шинж бүхий эдийн засгийн модернизацийн улмаар ардчиллын үйл явцын цар хүрээ бий. Гуравт, нийгмийн үүрэг ролийн талаарх олон нийтийн хүлээлт буюу итгэл найдвар. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад орнуудаас ялгарах эдгээр талууд Япон, Өмнөд Солонгос, Тайваньд нийтлэг ажиглагддаг ажээ. Тус улсын Улс төрийн санхүүжилтийн хууль 1965 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Тус улсын улс төрийн намуудын хувьд хэрэглэж болохуйц улс төрийн санхүүжилт нь намын гишүүдээс хураасан гишүүнчлэлийн татвар, Сонгуулийн хорооны барьцаа, татаас болон бусад орлого /өөрийн өмчийг худалдаж олох орлого, зээл, намаас эрхлэн гаргасан бүтээлийг худалдаж олох орлого/ юм.
З.УРАНСҮХ
Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )