Япон, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Японы Окинава арлын хүн ам суурьшдаггүй районд Япон, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт эхэлжээ. Түүнд Наран улсын 37 мянган, АНУ-ын 10 мянган цэргийн албан хаагчид оролцож байгаа юм байна.

Энэхүү цэргийн сургуулилт Сенкаку (Дяоюйдао) арлыг тойрсон газар нутгийн маргаанаас үүдсэн Япон, Хятадын харилцааны хурцадмал байдлын үед явагдаж байна. Аравдугаар сарын 25-нд Бээжингийн зүгээс энэхүү ажиллагаатай холбогдуулан эрс шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн аж.

Хоёр улсын хоорондын зөрчил есдүгээр сард Японы засгийн газар маргаантай арлын хэсэг газрыг хувийн эзэмшигч япон иргэдээс худалдаж авснаар улам хурцадсан билээ. Энэхүү үйлдлийг Сенкаку аралд Токио эрх мэдлээ бататгах гэсэн оролдлого хэмээн Бээжин үзсэн байна.

Дашрамд дурдахад, Окинава арал дээр америк цэргүүдийн үйлдэж буй таагүй явдал нэмэгдэн, Японы засгийн газар АНУ-ын эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлэн, хариуд нь Пентагон уучлал хүссэн аж.

Арал дээр америк цэргүүдэд зориулсан комендантын цаг үйлчлэн, орой үдшийн цагаар цэргийн баазын нутаг дэвсгэрийг орхиж явахыг хориглосон байна.

Есдүгээр сарын дундуур тэнгисийн явган цэргийн хоёр согтуу албан хаагч уушийн газарт согтуурхан,  орон нутгийн нэгэн бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарч АНУ-ын цэргийн хүчний дээд удирдлагын зүгээс удаа дараа уучлал хүсэн, цэргүүдийн сахилга батыг бэхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ амласан аж.

Мөн өнгөрөгч Баасан гаригийн шөнө ВВС баазын 24 настай албан хаагч Емитан хотхон дахь анги байршлаа орхин явж бааранд архи уун согтуурч, тус байрны гурван давхарт гаран, нэгэн өсвөр насны хүүг зодон, телевизорыг нь хагалсан хэрэг гарчээ. Уг согтуу цэрэг дараа нь зугатахыг оролдон, цонхоор үсэрч хүнд гэмтсэн байна.  Дуудлагаар очсон цагдаагийнхан түүнийг эмнэлэгт хүргэн, хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top