Бүх нийтийн ажил хаялт эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Өнөөдөр Грект 48 цагийн бүх нийтийн ажил хаялт эхэлжээ. Тэд Европын холбоо, Европын төв банк, Олон улсын валютын сан зэрэг зээлдүүлэгчдийн зүгээс шаардсны дагуу улс оронд эдийн засгийн хатуу чанга арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсныг эсэргүүцэж байгаа аж.

Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо, Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэл, Бүх ажилчдын тэмцлийн фронт зэрэг байгууллагууд энэхүү олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Энэ хоёр хоногийн хугацаанд Грекийн бүх төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, дэлгүүрүүд хаагдан, галт тэрэг, цахилгаан тэрэг үйлчлэхгүй аж.

Грекийн хотуудын гудамжинд тээврийн үйлчилгээний ажилтнууд, сэтгүүлчид, улсын эмнэлгийн мэргэжилтнүүд болон бусад байгууллагын ажилчид эсэргүүцлийн жагсаалд нэгдээд байна.

Маргааш Грекийн агаарын зам хэдэн цагаар хаагдах аж. Лхагва гаригт Афин хотын төвд хамгийн том арга хэмжээ зохиогдох төлөвлөгөөтэй байна.

Арваннэгдүгээр сарын 11-нд Грекийн парламент ирэх оны төсвөө хэлэлцэх аж. Энэ үед эдийн засагт 9 тэрбум 700 сая еврогийн хэмнэлт хийх талаар яригдана. Энэхүү дүнгийн тал хувь нь тэтгэврийн насныханд чиглэгдэх ба тэтгэвэрт гарах насыг 65-67 болгож дээшлүүлэх, тэтгэврийн хэмжээг хорогдуулах талаар авч хэлэлцэх юм байна. Грек улс хамгийн өндөр тэтгэвэр олгодог орны тоонд ордог аж.

Хэрэв эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүйд хүрвэл энэ сарын 16-ны өдөр гэхэд Грек улс бэлэн мөнгөгүй болох магадлалтай байна. Мөн Ерөнхий сайд Антонис Самарасын урьдчилан анхааруулснаар, төсвийн талаарх энэхүү хэлэлцүүлэг парламент дээр  унахад хүрвэл Грек улс ойрын хугацаанд Европын холбооноос гарахад хүрэх аж. Ингэснээр тус улсын хүн амын амьдралын түвшин 80% хүртэл буурах магадлалтай гэжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top